Categories
гадаад мэдээ цаг-үе

Украин: Оросын армийн тээвэрлэгч хөлгийг устгалаа || DNN.mn

Өчигдөр Азовын тэнгисийн Бердянск боомтод байсан Оросын армийн Орск тээвэрлэгч хөлгийг устгаснаа Украины тал мэдээлжээ.

Тэдний тараасан видео бичлэгт шатаж буй Орск хөлгийг харуулсан байна. Дэлбэрэлтийн үеэр дэргэд нь байсан өөр хоёр хөлөг гэмтсэн тухай бас мэдээлжээ.

Бердянск боомт нь бүслэлтэд байгаа Мариуполь хотоос холгүй оршдог ба Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш дөрвөн өдрийн дараа эзлэгдэж байсан юм.

Орск хөлөг Оросын цэргийн зэвсэг, техникийг уг боомтоор дамжуулан Украинд хүргэдэг байв.

Өнгөрсөн долоо хоногт Орск хөлгийг Бердянск боомтод анх ирж зогсоход Оросын армийн телевиз “түүхэн үйл явдал” хэмээн мэдээлж байжээ.

Уг хөлөг нь 20 танк, 45 хуягт тэрэг, 400 цэрэг нэг дор тээвэрлэх чадвартайг Украины батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Крымийн хойг, Мариуполь хотын дунд оршдог Бердянск боомт Оросын хувьд стратегийн чухал ач холбогдолтой байрлал юм.

Орск хөлгийг устгасан нь бэлгэдэл талаасаа Украинд чухал ач холбогдолтой үйл явдал юм байна. Учир нь 2014 онд Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх ажиллагаанд оролцсоныхоо төлөө Орск хөлгийн багийн зарим гишүүд төрийн одон медалиар шагнуулж байжээ.

Эх сурвалж: BBC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *