Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон Н.Чинбатад хүндэтгэл үзүүлэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Монгол Улсын гавьяат хуульч Намжилын Чинбатыг ХЗДХЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Намжилын Чинбатад өнгөрсөн хугацаанд ХЗДХ-ийн сайдын зөвлөхийн хувьд хууль боловсруулах, хэрэгжүүлэх, эрх зүйт төрийг бүрэн төлөвшүүлэх үйл хэрэгт өөрийн мэдлэг боловсрол, хүч оюунаа харамгүй зориулж, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд нь талархал илэрхийлээд, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсонд баяр хүргэж, эцэг хуулийг хамгаалан сахих үйл хэрэгт нь өндөр амжилт хүслээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1979 онд МУИС төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. 1979-1990 онд МУИС-д хууль зүйн багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм гэж ХЗДХЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *