УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ.
Д.Одбаяр нь 1967 онд Дорнод аймагт төрсөн, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2013 оноос “Альтернатив Энерги” ХХК-д зөвлөхөөр ажилласан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асууж асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжиж байна. Өнгөрсөн парламентын үед ҮХЦ улс төрийн хямрал руу улс орноо чирч байсныг санаж байна. Тиймээс төрийн хүний ёс жудагтай, зарчимтай ажиллаарай. Цэц эцэстээ сонгуульд хүртэл оролцсон. Тогтолцоог өөрчилсөн. УИХ-ыг хүчингүй болгох зүйлийг их хийж байна. УИХ-ын гишүүд Засгийн газартаа хариуцдаг тооцдог механизм тодорхойгүй болчихсон. Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулсан зүйл хийж байлаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Цэц үнэхээр улстөржсөн байгууллага болсон шүү. Дарангуйлагч төр гэдэг хариуцлага тооцох, хяналт тавих боломжгүй байгааг хэлдэг. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хууль эрхзүйн орчныг нээж өгөөрэй. ҮХЦ зөвхөн хуулийг дагах хэрэгтэй. Чуулган дээр хэлсэн үгийг хүртэл нотлох баримт болгодог юм билээ. МАХН гэдэг нэрийн эрхийг авах гэхээр намын харъяалал хардаг юм билээ. Н.Энхбаяр гэдэг хүн МАХН гэдэг нэрийг авах гэтэл “Н.Энхбаяр бол бичиг үсгийн боловсролгүй хүн” гэдэг дүгнэлт гаргаж байсан.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: ҮХЦ байгуулагдаад 25 жил болох гэж байна.Үндсэн хуулийн хяналтын байгууллага парламент хоёр уг нь нэг зүгт харж байгаа, гэхдээ зөрчилдөөнтэй. Сүүлийн үед Үндсэн хуулийн шүүх толгой дээр гарлаа гээд олон улс ярьж байна. Гэтэл Үндсэн хуулийг тайлбарлах эрхтэй ганц байгууллага бол Үндсэн хуулийн шүүх. Үндсэн хуулийг хэн тайлбарлах вэ? Би ҮХЦ-ийн гишүүдэд зааварлах эрх байхгүй. Гэхдээ олон жил судалсны хувьд эрхзүйн тайлбарыг зөв хийгээч ээ.
Чуулганы хуралдаан Элчин сайдын асуудлаар үргэлжилж байна.