Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Шивэртийн голын ойролцоо төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хазуулсан нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ нь “үхэр хэдгэнэ” гэх хэдгэний төрлийн амьтан байж болзошгүй бөгөөд холбогдох албаныхан судалж буй юм байна.
Одоогоор нас барсан иргэний задлан шинжилгээний хариу гараагүй учраас “амьтанд хазуулж нас барсан” гэж дүгнэх боломжгүй талаар албаныхан мэдэгдэж байна. Гэхдээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хоёр хүн болон, тус суманд амьтанд хазуулсан бусад иргэдийн хэлснээр “үхэр хэдгэнэ” байж болзошгүй гэж үзэн, мэргэжилтнүүд дээж авч шинжилгээ хийж эхэлжээ.