Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үхэлтэй нүүр тулсан Ц.Очирхуягийн гэр бүлд тохиолдсон явдал (II)

-СУМЫН ЗАСАГ ДАРГА “ЦАГААН ЭРЭГ” КОМПАНИЙНХАНТАЙ ХУЙВАЛДАЖ ХУУЛЬ ЗӨРЧИН БАЙЖ ӨВС ШАТААСНААС ТҮЙМЭР ДЭГДЖЭЭ-

Энэхүү тэмдэглэлийн эхний хэсэг нь “Өдрийн сонин”-ы¹115 (5067) дугаарт гарсан юм

Дорнод аймгаас Сүхбаатар айм­гийн Сүхбаатар сум руу дүрвэсэн түймрийн уршгаар нийт есөн хүн бэртжээ. Тэднээс хамгийн их түлэгдэж, хүнд гэмтсэн нь тус сумын Чулуут хэмээх газарт хаваржиж байсан Ц.Очирхуягийн гэр бүл байлаа. Тэд үхэлтэй тэмцэлдэн сөрж, амьд, мэнд мултарч чадсанаараа азтай. Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэж ардын зүйр үг бий. Утсан чинээ улаан амь нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, өөрийгөө яая гэж байгаа хэрнээ Ц.Очирхуяг эхнэр хүүхдээ гараасаа салгаагүй юм. Эмэгтэй хүн болсон хойно өөдөөс улалзан төөнөж ирэх түймрээс айж зугтахтай зэрэгцээд бяцхан охин ч гараас нь мултран нөгөө тийшээ гүйсэн гэж бай­гаа. Хүчтэй салхиндтуугдан эрчилсэн галтай өрсөж, Ц.Очирхуяг түмрийн битүү хар утаан дундаас эхнэр хүүхдээ олж аваад аюулыг сөрж даван туулсан нь яах аргагүй баатарлаг үйлс билээ. Ширүүн галаас амьд мэнд гарсан ч түлэгдэж, хайрагдсан тэдний биеийн байдал хүнд байсан тул Улсын онцгой комисс хуралдаж, Шадар сайд У.Хүрэлсүх шуурхай арга хэмжээ авч чаджээ. Тэд мэдээ авангуутаа яаралтай баг бүрдүүлж, нисдэг тэргээр өвчтөнүүдийг Улаанбаатарт авчирсан байна. Аав, ээж, охин гурав одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэв­тэн эмчлүүлж байгаа.Тэд­ний биеийн байдал ямар бай­гааг тодруулахаар тус эмнэлгийг зорилоо. Түлэнхийн тас­гийн нэг өрөөнд хамтдаа хэв­тэн эмчлүүлж байв. Гурвуу­лангийнх нь нүүр, толгой түлэгдэж, танигдахын аргагүй болжээ. Ээж, охин хоёрын гар битүү түлэгдчихсэн боолттой байсан. Хоёр талынх нь эгч нар тэднийг сахиж, тойглож байна лээ. Г.Наранцацрал гэзэгтэй байсан болохоор тэр үү нөхрөө бодвол хуйхных нь түлэгдэлт бага байсан. Харин жаахан охин нь унтаж байлаа. Толгой нь битүү түлэгдсэн болохоор боолттой, нүүрнийх нь арьс хуурсан байсан бөгөөд үе үе өвчиндөө шаналан цочин уйлж байгааг харахад зүрх шимширмээр. Аавынх нь тухайд гарны түлэгдэлт өнгөц байсан бололтой. Хоолоо өөрөө халбагадаад идэж байв. Харин түүний эхнэр охин, хоёрыг нь сахиурууд хооллож, ундалж байсан. Тэд ярихдаа “Анх дүү нараа харахад аймар байсан. Толгой нь битүү хуйхлагдаад, хөөж хавдсан хар юм байлаа. Харин энд эмчилгээ сайн хийлгэж, одоо овоо хүн төрхөндөө орох янзтай. Охин маш хүнд байсан. Шоконд ороод их сандаргасан. Аав, ээжийгээ хараад танихгүй уйлах нь хэцүү. Тэднийхээ дууг сонссон хэрнээ хайгаад, эхэндээ ээжийнхээ мөөмийг ч идэхгүй байсан. Тэр шөнө дүү нар маань цурман дунд хоноход охиноо хөхүүлэх гэтэл амаар нь дүүрэн чандар орчихсон байсан гэсэн. Тэгээд хэлээрээ цэвэрлэж байгаад арайхийн мөөмийг нь хөхүүлсэн байгаа юм. Түймэр гарах үед салхи маш хүчтэй байсан. Аймгийн төв Сүхбаатар сумаас 59 км-ийн зайтай хэрнээ эмнэлэг, албан байгууллагуудын үүдээр нэг цурмын чандар хийсээд орчихсон байсан. Газар тэнгэр нийлсэн айхавтар гамшиг болсон” гэлээ.

Амаа олигтой том ангайж чадахгүй болохоор соруулаар цайг нь уулгаж байв. Тэрбээр тийм ч сайн ярьж чадахгүй байсан юм. Харин Ч.Очирхуягийн сонсголд нэлээд өөрчлөлт орсон бололтой. Чанга ярихгүй бол дуулахгүй байсан. Гэхдээ асуултад сайн хариулж, харилцан ярилцаж чадаж байсан.

Ч.Очирхуяг: ҮХЭЛТЭЙ ТУЛГАРАХААР “ЯВАХ ЗАМГҮЙ, ҮЗЭЭД АЛДЪЯ” ГЭЭД ШИЙДЭМГИЙ БОЛДОГ ЮМ БИЛЭЭ

-Таны бие яаж байна. Юутай ч эр зориг гаргаж, гэр бүлээ бүтэн авч үлдэж чадлаа шүү дээ?

-Бие өдрөөс өдөрт дээрдэж байна. Нүд юм харахгүй байсныг бодвол овоо нээгдээд байгаа. Урьд нь ийм их галтай тулгарч үзээгүй болохоор яахаа мэдэхгүй их л сандарсан даа. Ядаж байхад шөнө дунд гэр рүү түймэр орж ирсэн болохоор амь мултрахын тулд бүхий л арга чаргыг хэрэглэсэн.

-Түймэр танайх руу орж ирэх үед мотоцикльтойгоо худаг руу давхисан гэсэн үү. Очиж амжихаар байсан уу?

-Гэрээс гарахад гал хол харагдаж байсан. Худаг орж амжихаар харагдаж байлаа. Гэтэл галыг тийм хурдан араас нэхээд ирнэ гэж бодоогүй. Ингээд мотоциклио дэлбэрчихэж магадгүй гээд орхиод эхнэр хүүхэдтэйгээ холдсон л доо. Гэтэл түймэр бараг зэрэгцээд шахам ирсэн. Тэр хүчтэй салхитай эрчлэнирж байгаа галыг хараад их олон юм бодогдсон. Юун түрүүнд доошоо суух хэрэгтэй гэж бодоод эхнэр хүүхдээ дараад хэвтсэн. Гэтэл нөгөө хоёр маань халуун галаас айж, орилж, зугтаад, тэгээдтэр хар утаан дундаас тэднийг олж аваад тас гэгч нь зуураад доошоо сууцгаасан.

-Хэрэв галыг сөрөөгүй бол амьд гарч чадахгүй байх байсан ч юм бил үү?

-Яг тэгээд ширүүн галтай нүүр тулахаар ухаан санаа балартаад хаашаа ч явахаа мэдэхээ байдаг юм билээ. Үхэлтэй тулаад ирэнгүүт хүн шийдэмгий болдог юм билээ. Нэгэнт явах газар байхгүй болохоор үзээд алдъя гэж бодсон. Тэгээд тэмцэхээс өөр арга байгаагүй. Тэгж сандарч явахад эхнэр, хүүхдийн орилж чарлах дуу сэтгэл шимшрүүлж байлаа. Тэд маань ингээд шатах нь яадаг билээ л гэж бодож байсан даа. Галаас айгаад цовхроод гүйсэн. Хүүхдээ битүү ороосон боловч эхнэртэйгээ зууралдаж байгаад ороосон хөнжлөө газарт унагаачихсан. Гал эхлээд дөхөөд ирэхээрээ их төөнөж, хүчтэй салхи татуулдаг юм билээ. Бидний өмсч байсан малгайг дээш нь шууд хөөргөөд аваад явчихсан. Тэгээд араас нь гал нөмөрсний дараа эрчилсэн улаан цурамтай шороо орж ирсэн. Бүр амьсгаа авч чадахгүй, арайхийн тэсч гарсан шүү.

-Аймшигт үйл явдал хэдий хугацаанд болж өнгөрсөн бэ?

Ер нь гал бидний дээгүүр гарахдаа нэг минут орчим л болсон байх. Салхи хүчтэй байсан болохоор гал нь хурдан өнгөрч, харьцангуй гайгүй түлэгдсэн болов уу гэж бодож байна. (Түүнийг ийн ярьж байхад эгч нь хажуугаас “Эднийх их өвсөн дунд байдаг. Шинэ хаваржаа л даа. Өөрсдөө сандарч байсан болохоор гал дайрч өнгөрсөн цаг хугацааг мэдээгүй байх. Мэдээж сандарч тэвдсэн хүмүүст богино хугацаа мэт санагдаж байгаа байх л даа)

-Танай ойр хавьд айл байхгүй юм уу. Та хэд шөнөжин цурман дунд хоносон гэл үү. Тэр шөнө цаг агаар ямар байв?

-Манайхаас нэг км орчим зайтай саахалт айл бий. Түймэр өнгөрөнгүүт горьдлого тээж, гэрийнхээ буурь руу эргээд очсон. Тэгээд гэр байхгүй, хашаа хороо, хоттой мал хуй юу ч үгүй шатчихсан байсан. Тэгсэн мотоцикль маань шатаагүй, бүрэн бүтэн байна лээ. Шөнө их хүйтэн салхитай байсан. Тэгээд тэндээс холдох гэтэл бидний нүүр нүд хавдаад, юм харж чадахгүй болсон. Баримжаагаараа шатсан гэрээсээ холдож байгаад газар сууцгаасан. Тэнд үүр цайлгасан даа. Цаг хугацаа ч явж өгөхгүй, хичнээн тусламж хүсч орилсон ч нэмэргүй. Эхнэр маань “Охиныг минь авраач” гэж шөнөжин уйлж хамаг чадлаараа хашгирч уйлсаар байв. Хоёр биенээсээ “Чиний нүд харж байна уу” гэж асууж байлаа. Тэгсэн өглөө болоход эхнэр нүдээ татаж байгаад бага зэрэг онгойлгосон. Ингээд саахалт айл руугаа явсан даа.

-Нэг км зайтай айл руу алхаад явсан юм уу?

-Миний нүд харахгүй байсан болохоор охиноо тэврээд эхнэрээс хөтлөөд алхаад очсон. Гэтэл айлын хүмүүс биднийг хараад орь дуу тавьцгааж уйлалдаж байв. Тэд манай хамаатнууд руу хэл дуулгаж, эмнэлгийн тусламж дуудсан даа.

-Та гал ирж байгааг хараад сумын төв рүү хамаатнууддаа хэл дуулгасан гэсэн. Тэд шөнө та нар дээр ирээгүй юм уу?

-Намайг утсаар ярингуут тэд машинтай манайх руу давхисан юм билээ. Тэгээд гал руу дөхөж ирээд биднийг хаана байгааг ч мэдэхгүй, ойртож чадахгүй буцсан гэсэн.

-Хотоос эмч, аврах багынхан хурдан очсон уу?

-Биднийг аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачингуут л хотоос нисдэг тэргээр эмч нар ирсэн. Улсын онцгой комисст маш их баярлаж байна. Шууд онгоц гаргаж өгөөд, Түлэнхийн төвийн Нараа эмч багаараа ирээд, хотод шуурхай авчирсанд талархаж байгаа.

-Хуйларсан салхитай хамт улаан гал дүрэлзээд ирж байх агшинд танд юу, юу бодогдож байв?

-Бид галаас амь мултрахын тулд гэрээсээ өмссөн хувцастайгаа л гарсан. Өмссөн хувцас маань ч шатаж, үгүй боллоо. Гал өнгөрөнгүүт хувцсандаа хүрэнгүүт л үмэрч унаад байсан. Бас охиндоо зузаан дээл, хантааз өмсүүлчихсэн байсан л даа. Тэр нь бүр барьцалдаад үрчийгээд тайлж болохгүй байсан. Тийм болохоор хайчилж байж тэр хувцаснаас салгасан. Анх цурманд сууж байхдаа “Хамаг хүчээ шавхан босгосон амьдрал маань нэг өдрийн дотор үгүй боллоо” гэж ихэд шаналж байсан. Одоо тэр үеэ бодвол бас ч гэж тайвшраад байгаа. Улсын онцгой комиссоос бидэнд гэр олгосон. Бас сайн санаат хүмүүс бидэнд тусламжийн гараа сунгаж байна. Эрүүл саруул болох хэрэгтэй. Амьдралаа дахин босгож чадна.

-Биеэ сайн бодоод, хурдан тэнхрээрэй.

Тэрбээр үе үе гүн бодолд автаад, хүний ярьж байгааг анзаардаггүйгэж сахиж байсан эгч нар нь ярьж байлаа.

Ц.Нарантунгалаг: ОНЦГОЙ БАЙДЛААС ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, АМЬ НАС НЬ ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР БАЙСАН НЭГ Ч ГЭСЭН ГЭР БҮЛИЙГ АВАРЧ ЧАДЛАА

Түлэнхийн төвийн эмч Ц.Нарантунгалаг бол өвчтөнүүдийг орон нутгаас авчирсан багийн нэг гишүүн. Түүнтэй уулзаж, өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгааг тодрууллаа. Тэрбээр “Тавдугаар сарын 1-ний өдөр ОБЕГ-аас гурван хүний биеийн байдал хүнд байна, түлэнхийн эмч авч явах шаардлагатай гэсэн. Тэгээд хоёр эмч, хоёр сувилагчтай эмнэлгийн баг Сүхбаатар аймагт очсон.Өвчтөнүүд анхны тусламж аваад, эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед хүүхэд болон ээжийнх нь биеийн байдал хүнд, аав нь хүндэвтэр байсан. Уг нь ээж охин хоёрыг авчиръя гэж байсан. Нэг гэр бүл болохоор тэднийг салгахаар бие биедээ санаа зовно гээд гурвууланг нь авчирсан.Ч.Очирхуяг эхнэр хүүхэддээ маш их санаа зовоод байсан. Ингээд хот руу ирэх явцад хүүхдийн биеийн байдал муудаж, амьсгалын дутмагшилд ороод байсан. Одоо ээж, охин хоёрын биеийн байдал тогтворжсон. Хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Энэ түймрийн гамшигт хөндлөнгөөс харахад Улсын онцгой комисс маш сайн ажиллаж, өндөржүүлсэн зохион байгуулалттай байлаа. Өвчтөнүүд анх ирэхдээ харах боломжгүй байсан. Хаван бууруулах, хордлого тайлах эмчилгээ сайн хийсэн болохоор одоо хоол ундаа идэж ууж, харилцан ярилцаж чадаж байгаа. Галаас эхнэр хүүхэд нь зугтаж байхад аав нь чирээд сөрөөд гарсан байгаа юм. Ер нь галыг сөрж гардаг гэдгийг хэр баргийн хүн мэдэхгүй. Тиймээс зөв арга хэмжээ авчээ гэж бодож байна. Аль аль талдаа шуурхай ажиллаж чадсан. Монголын нэг ч гэсэн ам бүл элэг бүүтэн үлдлээ.

М.Энх-Амар: ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН ХУВИЙН КОМПАНИЙН НӨХДҮҮДТЭЙ СЭМ ХУЙВАЛДАЖ, ТҮЙМЭР ТАВЬСАН

Түймэрт автсан зүүн гурван аймагт дөрвөн удаагийн ажлын хэсэг томилогдож ажилласан билээ. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, Улсын онцгой комиссын дарга Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга Бригадын генерал Т.Бадрал нараар ахлуулсан эхний ажлын хэсэг орон нутагт очиж ажилласан. Дараагаар нь ХХАА-н сайд Р.Бурмаа, хамгийн сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Т.Бадрал нар ахалж, түймэртэй бүсэд ажилласан. Дөрөвдүгээр сарын 13-19-ий хооронд Төрийн тэргүүнээр ахлуулсан бүхэл бүтэн дөрвөн баг ажиллаад, анхааруулгахүргэчихээд, сонор сэрэмжтэй байхыг сануулсан. Түймрийн хохиролд төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсаар байхад хэсэг бүлэг хүний хайхрамжгүй үйлдлээс болж дахин тэр бүсэд түймэр гарч, олон иргэнийг хохироолоо.

Ой хээрийн түймэр гарах тоолонд үнсээ ил задгай хаясан Дулмаа, татсан тамхиныхаа ишийг хээвнэг хаяж гал авалцуулсан Дорж нарыг буруутгадаг. Харин олон айлыг амь зуулганаас нь салгаж, олон хүнийг гэр оронгүй, эрэмдэг болгосон дээрх түймрийг зохион байгуулалттайгаар тавьсан бололтой юм. Энэ талаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хурандаа М.Энх-Амартай ярилцлаа.

-Сүхбаатар суманд гарсан түймрийг Дорнод аймагт тариалан эрхлэх гэж байгаа хүмүүс шарилж шатааж байгаад алдсан гэсэн мэдээлэл байна. Та энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Дорнод аймгийн Булган сумын Засаг дарга Н.Туяатай тус сумын нутаг дэвсгэрт тариа тарих үйл ажиллагаа явуулах гэж байгаа “Цагаан эрэг трейд” компанийн гүйцэтгэх захирал Д.Гантулга дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд тус сумын гуравдугаар багийн нутаг, Хайчингийн тариа гэх нэртэй газрын хуучин тариа тарьж байсан атаршсан шар өвсийг шатаах тухай юм билээ. Дөрөвдүгээр сарын 29-ний үүрээр 04 цагийн үед сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүүгээр ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй хүн “Цагаан эрэг” трейд компанийн хоёр ажилчдын хамтаар тухайн талбайн шар өвсийг шатаасан тухай мэдээлэл миний өмнө байна. Өглөөний 07 цагийн үед салхины эрч ширүүссэн гэж байгаа юм. Энэ үед тэр галыг унтраагаад манасан. Гэтэл салхины эрч баруун хойноос зүүн урагш чиглэлтэй, секундэд 7-12 метр хүчтэй салхилж байсан гэсэн. Салхи улам ширүүсч байгаад шатаасан газрын цурамд уугиж байсан галын цогтой аргал хомоол хийсч хээрийн түймэр гарсан байна. Тухайн үед тэнд ажиллаж байсан хүмүүс түймрийг унтраах гээд дийлэлгүй алдчихсан. Энэ түймэр Булган сумын Хайчингийн тариа, Хадан хөв, Ногоон толгой, Нарийний говь, Үүдийн жаран, Зэрэглээ, Хонгор, Магнай, Өвдөг, Ерийн худаг, Хутаг магнай, Болдог гэх нэртэй газруудаар дайран Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орсон. Үүний улмаас тус сумын Булган сумын гурван гэр, зургаан малын хашаа, саравч, нэг бод мал 23 бог, 38.5 мянган га бэлчээрийн талбай шатсан. Харин Сүхбаатараймгийн Сүхбаатар сумын тухайд есөн иргэн түймэрт хайрагдаж, түлэгдсэн. 32 айлын гэр, эд хөрөнгө, 4000 гаруй мал шатаж, 448.800 габэлчээр шатсан зэрэг хохирол учраад байгаа.

Сүхбаатар сумын түлэгдсэн хүмүүсээс Ч.Очирхуягийн, гэр бүлийн гурав хотод ирсэн. Бусад нь орон нутагтаа эмчлүүлж байна.

-Өмнөх түймрээ дараад удаагүй байгаа, бас салхитай бүсэд яагаад өвс шатаасан юм бэ. Зөвшөөрлийг нь Булган сумын Засаг дарга өгсөн хэрэг үү?

-Уг хэрэгт сумын Засаг даргын Тамгын газрын нэр бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашигласан байх нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Анх “Цагаан эрэг” компанийн менежер Энхтөр гэгч дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандахтай уулзаж, шар өвс шатаах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм билээ. Харин Г.Нармандах дарга зөвшөөрөөгүй. Учир нь энэ нь Ойн тухай хууль, Улсын онцгой комиссын 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн албан даалгавар, аймгийн Засаг даргын захирамж зэргийг зөрчиж байгааг танилцуулсан. Мөн “Цагаан эрэг” компанийн менежер Энхтөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Ганцогтоос тариалангийн талбайн өвсийг шатаах хүсэлтээ танилцуулахад зөвшөөрөл олгоогүй байгаа юм. Ингээд Булган сумын Засаг даргын орлогч Б.Соёлчхүү нь Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Онцгой байдлын ахмад Х.Энхнасантай утсаар холбогдож, өвс шатаах хүсэлтэй дээрх компанийн тухай мэдэгдэхэд мөн татгалзсан хариу өгсөн. Хууль зөрчиж байгааг дуулгаад, хээрийн түймэр тавих аюултайг сануулсан. Шат шатны холбогдох албан тушаалтнууд удаа дараа татгалзаж, түймэр гарах аюултайг сануулсаар байхад“Цагаан эрэг” компанийн менежер Энхтөр, Булган сумын, Засаг дарга С.Туяа, түүний орлогч Б.Соёлчхүү нар сэм хуйвалдаж, хэлцэл хийсэн байгаа юм. Тэд гурван, машин хүн дайчлан хөлсөлж, өвс шатаасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

-Одоо энэ хэрэгт ямар хичнээн хүн холбогдоод байгаа вэ?

– Ер нь бол Зүүн гурван аймагт гарсан түймэр бүрэн унтраагүй, улс орон даяар тийшээ хамаг анхаарлаа хандуулчихаад байхад ийм дураараа авир гаргасан байна. 18 хүнд Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.

-Хохирлын хэмжээг бүрэн тогтоосон уу?

-Энэ хавар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутагт гарсан түймэрт дөрвөн удаа ажлын хэсэг томилогдож ажилласан. Зүүн гурван аймгийг чиглэх хандив тусламжийн цуваа тасрахгүй байгаа. Засгийн газраас 155, 167 дугаар тогтоол гаргаж нийтдээ нэг тэрбум 800 сая төгрөг шийдвэрлэсэн. Дахиад 1.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Улсын Онцгой комиссоос сүүлийн түймэрт гэхэд 25 гэр, зуух, яндангийн хамт, нэг фургон автомашин олгоод байна. Мөн түлэгдсэн хүмүүсийг улсын зардлаар Улаанбаатарт авчирч, эмчлүүлж байгаа. Цаашид сэжигтний үйлдэл, хохирол тогтоох чиглэлээр хэргийн газарт ахлах мөрдөн байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Эрх мэдэлтнүүдийн хууль зөрчсөн хайхрамжгүй үйлдлийн балгаар бүхэл бүтэн сум орон шатаж, эрдэнэт хүмүүний амь эрсдэх аюултай байлаа. Олон гэр орон малгүй болж, их хэмжээний хохирол учраад байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үхэлтэй нүүр тулсан Ц.Очирхуягийн гэр бүлд тохиолдсон явдал

-ШУУРГАЛАН ДҮРЭЛЗЭХ ТҮЙМРИЙГ СӨРЖ БҮЛЭЭ БҮТЭН АВЧ ҮЛДЭЖ ЧАДСАН

ЗАЛУУГИйН БААТАРЛАГ ҮЙЛС-

Зүүн гурван аймаг энэ жил түймрийн даллага авсан гэмээр ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нийтдээ 20 гаруй сум түймэрт өртөж, 60аад өрх орох оронгүй болсон харамсалтай мэдээ байна. Шуургалан дүрэлзэх түймрийг сөрж, гэр бүлээ элэг бүтэн авч үлдсэн Ц.Очирхуягийн баатарлаг үйлсийг онцолмоор байна. Тэрбээр эхнэр хүүхдийнхээ хамт үхэлтэй хэрхэн нүүр тулж, амьд мэнд гарч чадсан тухай сурвалжилсан тэмдэглэлийг хүргэе.

Ц.Очирхуяг, Г.Наранцацрал нар 31 настай, хоёр хүүхэдтэй залуу гэр бүл. Сүхбаатар аймгийн уугуул бөгөөд багаасаа мал дагаж амьдарчээ. Хонь, ямаа нийлсэн 600 орчим богтой тэднийх тус аймгийн Сүхбаатар сумандаа нутагласаар ирсэн байна. Голдуу сумын төвийн урдуур хаварждаг ажээ. Харин өнөө жил сүүлийн арав гаруй жил буугаагүй буурин дээрээ иржээ. Тэнд ойрын хэдэн жил айл огт буугаагүй болохоор өвс ихтэй, худаг устайгаа ч ойрхон. Бас ч гэж сумын төвтэйгээ дөхүү, 23 кмийн зайтай. Ингээд Ц.Очирхуягийнх ганц гэрээрээ буужээ. Тэдний том хүү таван настай, бага нь ой гарантай охин. Хүү нь ирэх жил сургуульд орох болохоор одоо цэцэрлэгт явдаг байна. Тиймээс сумын төв дээр өвөө эмээгийндээ байдаг ажээ.

Дөрөвдүгээр сарын 29-нд Сүхбаатар сум руу түймэр орж ирэв. Улаан гал салхи татуулан эрчилж байгаа бүсэд нэлээд утаатай, дээрээс нь шороогоор нүүр нүдгүй шуурна. Байгалийн аюултай үзэгдэлд малчид, сумын төвийн иргэд бүгд л сонор сэрэмжтэй, бас айдас болгоомжтой байлаа. Бие бие рүүгээ утсаар холбоо барьж, “Танай наагуур түймэр ямар байна, манай энд одоохондоо гайгүй л байна” гэхчилэн мэдээлэл солилцож байв. Энэ түймэр дөрөвдүгээр сарын 30-ны шөнө дунд Ц.Очирхуягийн гэрийг сүйтгэсэн юм. Тэрбээр өдөр нь чухам яг хаахна түймэртэй байгааг багцаалдаж чадаагүй байна. Учир нь сүүлийн үед байнга л түймэртэй, утаат хөшиг татсан байдалтай байгаа болохоор тэр биз. Орой харуй бүрий болоход түймрийн улаан туяа тод харагдаж, Ц.Очирхуяг ч чиг баримжаа авахаар арынхаа толгод дээр гарчээ. Энэ үед 23 цаг болж байлаа. Тэнгэр улайсч, түймэр тэртээ хол харагдаж гэнэ. Арай ч тэднийх рүү орчихооргүй цаахнуур тойрох бололтой байжээ. Малчин залуу дурангаа тавин түймрийг ажиглаж суутал гэнэт салхи чиглэлээ өөрчилж гэнэ. Салхинд туугдсан түймэр яах ийхийн зуургүй тэднийхийг чиглэлээ гэнэ шүү. Энэ үед тэрбээр яаравчлан гэр рүүгээ яарлаа.

Тэрбээр замдаа “За чадвал гэрээ галаас аварчихна даа, болохгүй бол эхнэр хүүхдээ аваад амь гарах хэрэгтэй” гэж бодсоор уухилан орж ирэв. Түймрийн аюул хаяанд ирснийг эхнэртээ хэлээд хамаг хурдаараа бэлтгэлээ базаав. “За, Цацрал минь бушуулаарай, дулаан хувцсаа давхарла. Охиноо ч бас зузаалъя” гээд хаалгаараа байн байн толгойгоо өнгийж, түймрийн байдлыг ажна. Сумын төв рүү холбоо барьж, ах дүү нартаа хэл дуулгачихаад үстэй дээл, малгайгаа өмсөв. Охиноо хөнжилд ороогоод бушуухан мотоцикльдоо морджээ. Тухайн үед том хүү нь сумын төв дээр өвөө, эмээгийндээ байсан нь азтай. Ц.Очирхуяг эхнэр, хүүхдээ сундалж аваад худаг руу давхилаа. Тэднийхээс худаг 500гаадхан метр хэртэй газар. Түймэр ч нэлээд зайтай харагджээ. Галаас амжиж худагтаа хүрчих байх гэж тооцоолжээ. Худгаас ховоогоор ус татаж, өөрсдийгөө норгох ч юм уу, халуун гал өөдөөс цацна гэсэн төлөвлөгөөтэй давхисан байна. Гэвч тэд худаг хүрч чадсангүй. Улаан гал дүрэлзэн төөнөхийн хажуугаар гашуун утаа хоолой хорсгож, элс, шороо, цурамны шатсан өвсөөр цурхирна. Ард үлдсэн таван ханатай гэр, малын хашаа хороо зэргийг нь энэ гал хамчихаад тэднийг чиглэлээ. Гэр орон мал хуйгаа шатаж, үгүй болохыг харсан тэд санаа нь зовж, шаналсан ч өөрсдөө амьд гарах ёстой гэж хаазаа нэмлээ.

“Хэрэв мотоцикльтойгоо ингээд давхиад байвал галд шатаж, бүр дэлбэрч үхэх аюултай” гэсэн бодол Ц.Очирхуягийн толгойд зурсхийн орж ирэв. Тэрбээр гэнэт мотоциклио зогсоогоод “Эхнэрээ хурдан буугаад холдож, зугт” гэж сануулав. Эхнэр нь ч түүний хэлснийг дагаж, хөнжилд ороосон охиноо тэврээд гүйлээ. Ц.Очирхуяг тэднийг гүйцэж очоод, гараас нь хөтлөн чирч, мотоциклиосоо зайлж чадав. Гэвч улангасан ховдоглох түймрийн аймшигт аюул тэднийг орхиогүй байлаа. Үхэл зэрэгцэн хөөж, нөмөрч авахад тун ойрхон байв. Эхнэр, бяцхан үр хоёр нь орилолдон цовхчиж, орь дуу тавих үед Ц.Очирхуягт “Түймэр дагаж гүйгээд эсэн мэнд гардаггүй, сөрж гарч чадвал амьд үлднэ” гэсэн бодол зурсхийжээ. Ингээд энэ санаагаа эхнэртээ ойлгуулж, гараас нь чанга гэгч нь атгаад үхэлтэй тэмцэлдэхээр шийдлээ. Уухилан турхирах түймрийн гал хамаг биеийг нь төөнөв. Хэдийгээр зузаан самбайд ороолгосон байсан ч балчир үр нь тэр халууныг тэсч ядаад тийчлэн чарлажээ.

Галыг сөрөөд нөгөө талд нь л гарах ганцхан зорилго тэдэнд байв. Гэвч ширүүн галаас эмээсэн Г.Наранцацралт бүсүй нөхрийнхөө гараас мултарч, буцаад гүйжээ. Халуун гал тэднийг нөмрөх тэр агшин хэдхэн алхмын цаана байв. Түймрийн суунагласан хар утаанд Ц.Очирхуяг баримжаагаа алдаж, эхнэр хүүхдээ дуудаж, бархиран орилж байлаа. Галаас айсан бүсгүй хүүхдээ гараасаа салгаж болохгүй гэж бодож тас тэвэрсэн чигтээ нөхрөө хайж уйлан чарлана. Гашуун утаа, шороо ам, хамар руу нь орж, тамир тэнхээ нь барагдав. Азаар Ц.Очирхуяг эхнэр хүүхдээ арайхийн олж “Одоо дахиж гараасаа салгахгүй дээ” гэсэн шиг чанга гэгч нь атгалаа. Харин галаас үхэлтэй нүүр тулж байгаа эхнэр нь тэмцэх итгэлгүй байв. Нөхрийнхөө гараас мултарч, галаас зугтах гэж оролдсоор л байж. Тэднийг ийн зууралдаж байх хооронд охиныг нь ороосон хөнжил газарт унасан байлаа. Энэ удаад яасан ч гараасаа салгаж болохгүй гэсэн бодолтой Ц.Очирсүх эхнэр, хүүхэдтэйгээ чаргууцалдсаар байв.

Салхи татуулан ирэх түймрийн дөл тэднийг түлж, тэсэхийн аргагүй болгов. Бүр эрчтэй салхи тэдний толгойн дээрх өвлийн малгайг тоос сорогчоор сорж байгаа мэт хуу татаад хөөргөжээ. Ц.Очирсүх эхнэр хүүхдээ газарт суулгаад, өөрөө дээрээс нь даран хэвтэв. Яах ийхийн зуургүй түймэр тэднийг нөмрөөд авах нь тэр. Хэдийгээр цээжээрээ үстэй дээл, зузаан хувцас өмссөн ч толгой нүцгэн байсан тэднийг аюулт гамшиг тойрсонгүй. Харагдсан болгоноо залгидаг ширүүн гал тэр гурвын нүүр, гар, үс зэргийг нь хуйхлаад оджээ. Юу юугүй залгих гэж байгаа юм шиг улалзан дүрэлзэх гал тэднээс аль хэдийнэ холдсон байв. Олон мал, айл, хунар, шим сортой талбай гээд замдаа таарсан бүхнийг хамсаар улаан гал чигээрээ цааш хурдлах нь тэр. Аймшигт галыг сөрж, гэр бүлээрээ үхлээс ийн мултарч чадсан нь яах аргагүй Ц.Очирсүхийн баатарлаг үйлс юм. Эхнэр, нөхөр, охин гурав хэдийгээр амьд гарсан ч толгой, гар нь тэр чигтээ түлэгдсэн байлаа. Хэдхэн хормын өмнө дулаан гэртээ халуун хоолоо идэж, бяцхан охиноо өхөөрдөн баясаж сууж байсан тэд шөнө дөлөөр, эзгүй зэлүүд талд, хаачихаа мэдэхгүй цурам самардан сууж байлаа. Өөрсдийнхөө өвдөлтийг үл тоон, түлэнхийн шархандаа уйлж шаналах охиноо цээжиндээ тэвэрч өглөөг хүлээх цаг хугацаа тэдний хувьд олон сар жил шиг удаан байлаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *