Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг “Хүүхдийн харааг хамгаалах өдөр” болгон үндэсний хэмжээнд зарлажээ. Эл өдрийг угтаж Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Ч.Чимгээ, Эрүүл мэндийн яамны нүд судлалын салбар зөвлөлийн дарга Т.Булган, ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Цэнгэлмаа, Хүүхдийн нүд судлал ба хялрын нийгэмлэгийн тэргүүн М.Алтанхүү нар мэдээлэл хийлээ.
Манай улсын хувьд 2013 оны тоон мэдээллээр харааны бэрхшээлтэй 14800 гаруй хүн байгаагаас тав хүртэлх насны 314, сургуулийн /6-15/ насны хүүхдүүд 1209, 16-35 насныхан 3384, 60-аас дээш насны 3903 хүн байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх таван өвчинд нүдний эмгэг багтаж цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татаж буй юм.
Техник, технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг ухаалаг гар утас, зөөврийн компьютер, Ipad зэргээр хараа хяналтгүй тоглуулсанаар харааны сулралтай хүүхдийн тоо нэмэгдэж байгааг эцэг, эх асран хамгаалагч нар анхаарах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн харааг 3-5 настайгаас нь шалгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байна.
Сургуулийн өмнөх насны /3-5/ хүүхдийн нүдний харааг жил бүр шалгаж, нүдний эмгэгийг эрт илрүүлснээр хүүхдийн болор цайх өвчин, нүдний хорт хавдар, нүдний хугарлын гажиг, хялар харах, зовхины эмгэг зэрэг сохрол сул хараанд хүргэдэг өвчнүүдээс сэргийлэх боломжтой бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүдэд тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг тэд уриаллаа.
Сургуулийн өмнөх нас /3-5 нас/-ны хүүхдийн нүдний харааг шалгах, нүдний эмгэгийг эрт илрүүлэх, мэдээлэх тогтолцоог бий болгож хэрэгжүүлэх зорилготой юм байна.
Дээрх зорилгын хүрээнд:
- Хүүхдийн хараа хамгаалах өдрийг угтан ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн харааг оношилж, шил тааруулж өгчээ.
- Цаашид хүүхдийн нүдний эрүүл мэндийн талаарх энгийн ойлголтыг ард иргэдэд эзэмшүүлэх, сумын эмч , сувилагч нар өрхийн эмч нар цэцэрлэгийн багш нарт хүүхдийн нүдний эрүүл мэнд харааг шалгах чадварыг эзэмшүүлэх юм байна.