“Эмээлт” хөнгөн үйлдвэрийн парк, “Налайх” технологийн парк болон “Эрдэнэт хүнс Само” компанид Үйлдвэр, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олголоо.
УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт хөнгөн үйлдвэрийн салбарыг бодлогоор дэмжих талаар тусгасан. Энэ хүрээнд импортыг орлох, экспортыг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт технологи нутагшуулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Үйлдвэр, технологийн паркуудыг байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Өнөөдөр энэхүү ажлын эхлэл болгон гурван байгууллагад тусгай зөвшөөрөл олгож байна хэмээн ХХААХЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү хэллээ.
“Эмээлт” хөнгөн үйлдвэрийн парк нь Улаанбаатар хотод байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн 160 га талбайд байршуулах юм. Хөнгөн үйлдвэрлэлийн парк байгуулах зураг төслийн ажил дууссан байна. Тун удахгүй дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхлэх бөгөөд хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм. Дэд бүтцийн ажил дууссаны дараа 19 байршилд арьс шир, найман байршилд ноос, ноолуурын үйлдвэрүүдийг байршуулна хэмээн “Эмээлт” хөнгөн үйлдвэрийн паркийн дарга Х.Эрдэнэбат дурьдлаа.
Харин “Налайх” технологийн паркийн дэд бүтцийн ажил ирэх онд эхлэх аж. Дэд бүтцийн бүтээн байгуулалт дууссаны дараа 40-50 үйлдвэр байршуулахаар төлөвлөж байгаа юм байна. Одоогоор тус паркад хавтгай шил, хонины ноосон дулаалга, хаягдал зэсний зэрэг 10 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсчээ. Дэд бүтцийн ажил дууссаны дараагаар 1500 хүртэлх ажлын байр бий болох юм. Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлж, тээвэр ложистикийн төв зэргийг байгуулснаар 10 мянга орчим ажлын байрыг шинээр бий болгох боломжтой ажээ.
Н.ГАНЧИМЭГ