Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх талаар 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Үйлдвэрлэл, технологийн цогцолборын тухай хуулийн төсөл болон Импорт орлох, экспорт дэмжих үйлдвэрлэлийн төслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрийн салбарт санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх, үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах ажлыг орон нутагт зохион байгуулах, аж үйлдвэрийн салбарт дэвшүүлж байгаа бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, нийслэлд тодорхой 2-3 асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэх арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2014 оны эцэст 9299.6 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос 13,2 хувиар өсчээ. Экспортод гаргасан нийт бүтээгдэхүүний 81,9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа юм. Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байна.
Япон улстай байгуулсан “Эдийн засгийн хэлэлцээр”-ийн үр дүнд хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ноос, ноолууран даавуу хийх ээрмэлийн үйлдвэр зэрэг экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Японы зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдаалах боломж нээгдээд байна. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк”-ын хүрээнд орон нутгийн удирдлагууд дээрх үйлдвэрүүдийг хөгжүүлэх чиглэлээр Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.