Categories
мэдээ улс-төр

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, дэмжлээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн боловч ажлын цаг дууссан тул түр хойшлуулаад байсан юм.

УИХ-ын 2003 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж хөгжүүлэх үндсэн чиглэл”-д гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, дэлхийн зах зээл дэх Монгол Улсын оролцоог нэмэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар баталсан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2009 онд батлан, парк байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлсон гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар хуулийн төслийг танилцуулахдаа дурдаж байв.

Мөн тэрбээр, “Цаашид үйлдвэрлэл, технологийн парктай холбоотой бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүдийн давхцал, зөрчлийг арилгах, хөрөнгө оруулалт татах, үр ашгийг нэмэх, тасралтгүй хөгжлийг хангах зорилгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Тиймээс нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах талаар зохицуулалт тусгалаа. Төслийг баталснаар гадаад дотоодын хөрөнгө оруулалт өсөн, үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр бий болох боломжтой” хэмээсэн юм.

Хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Чуулганаар Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *