Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Үйлдвэрийн дэргэдэх дэлгүүр

Талхны үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрээс тор дүүрэн хүнс худалдан авснаасаа хойш хажуугаар нь өнгөрч явахаа байсан билээ. Эндээс тороо дүүргээд гараад ирэх мөнгөөр супермаркетад орвол цөөхөн л талх, нарийн боов авна. Заримдаа өдрийн цагаар үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрээр орж талх авахаар халуунаараа шахуу, зөөлхөн байх нь ямар таатай гэж санана. Өглөөхөн үйлдвэрийн тэвшнээс гарч, энэ дэлгүүрийн лангуун дээр ирсэн талх, нарийн боов, бялуу, амттанууд шив шинэхнээрээ. Талхчны гараас өөр хүний гар хүрээгүй гэж бодохоор “Ер нь эндээс л ирж талхаа авч байя” гэж бодогдоно. Талхчин, худалдан авагчийн хооронд ямар ч хүн ороогүй болохоор талх нь шинэ, үнэ нь боломжийн байгаа гэдгийг мэддэг учир иргэд ерөнхийдөө ингэж худалдаа хийж, хүнсээ цуглуулах дуртай.

Манай дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулахын ялдамд өөрийн үйлдвэрийн дэргэдэх дэлгүүр хаана байрладаг, нэрийн дэлгүүр нь бүтээгдэхүүнүүдээ хямд үнээр хэрхэн борлуулдгийг давхар сануулж байх учиртай. Эрүүл хүнс, барааг авч хэрэглэхийг чухалчилдаг болсон энэ цагт тэрэн шиг хэрэгтэй мэдээлэл үгүй л болов уу. Эрүүл, шинэ тэгсэн хэрнээ хямд үнэтэй гэвэл хүмүүс үр хүүхдэдээ аятайхан юм идүүлчих гээд цаг заваа зориулаад гүйгээд л очно. Үйлдвэрийн дэргэдэх, нэрийн барааны дэлгүүр бол танай үйлдвэрийг иргэд, худалдан авагчидтай тань нүүр тулуулан учруулж, амьд харилцаа үүсгэдэг халуун цэг нь юм шүү дээ.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *