Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Үйлдвэрчний эвлэл гэх коммунист байгууллага багш нарыг дагуулж гүйсээр балчиг намагт шигдүүлчихлээ

Үйлдвэрчний эвлэл хуучин цагийн МАХН-ын туслан гүйцэтгэгч байгууллага байсныг тэр үеийн хүн бүр андахгүй. Харин өдгөө тэр цагийн МАХН алга. Магадгүй бага сага шинж нь үлдсэн байлаа гэж бодоход одоогийн МАН, МАХН-ын аль нэгд нь ажиглагддаг байж мэдэх л юм. Гэвч лавлаад харахаар нэг угшилтай энэ хоёр намын үзэл баримтлалаас хуучин цагийн улбаа ер нь анзаарагддаггүй. Юм бүхэн цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгддөг учраас аргагүй л дээ. Гэхдээ хэзээ ч хувирашгүй өнгө төртэй байгууллага гэж байна аа. Тэр нь Үйлдвэрчний эвлэл. Үйл хөдлөл, хандлага, алхам бүрээс нь коммунизм ханхалдаг цорын ганц байгууллага. “Үйлдвэрчний эвлэл бол коммунизмын сургууль” гэсэн Лениний үг бий.

Саяхны явдлыг жишээ татахад багш нарын ажил хаялт байна. Цалин нэмэх хэлэлцээр нэрээр багш нарыг дагуулж баахан гүйсний эцэст хэзээ ч гарахааргүй балчиг намагт шигдүүлчихлээ. Уг нь аль зургадугаар сард багш нарын цалинг нэмэх тохироо засгийн түвшинд хийгдсэн байсан юм. Он гарангуут нэмнэ гэсэн тохироо хэдийнэ хийгдчихсэн байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд, багш нарын ажил хаясан өдрүүдэд Үйлдвэрчний эвлэлийнхэн ганцхан үүнийг л ярилаа. Аль хэдийнэ нэмнэ гэж тохирсон цалингийн нэмэгдлийн тухай яриагаа ажил хаялт дуусах хүртэл улигласан. Үнэхээр багш нарын талд зогсч нийгмийн асуудлыг нь шийдэх чин хүсэлтэй зүтгэсэн бол арай өөрөөр тэмцэж боломж гарц Үйлдвэрчний эвлэлд байсан.

Багш гэдэг бусад мэргэжилтэй харьцуулбал онцлог тал ихтэй. Багшгүй хүн гэж үгүй. Тэр утгаараа хүн бүрийн хүндэлж хардаг ховор мэргэжил. Хүндтэй, нөлөөтэй сайхан ажил. Харамсалтай нь хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс өчнөөн хоногоор ажил хаясан багш нар нийгэмд сайхан харагдсангүй. Мөнгөний төлөө улайрсан, зунжин амарсан сурагчдынхаа үеийнхэнтэйгээ бужигнаж, сургуульдаа очих гэсэн хүслийг нь үл тоосон гэх мэт үнэлэлт дүгнэлт давамгайллаа. Сошиал ертөнц лав бухимдсан аав, ээжүүд, гомдсон сурагчдын сэтгэгдлээр дүүрэн байсан. Мэдээж хэн ч цалингаа нэмүүлэхийг хүснэ. Цалин хангамжаа нэмүүлэх учиртай хэсэгт яалт ч үгүй багш нар багтана. Нэг тэмцсэн л бол үр дүнд хүрэх ёстой. Ингэх гэж л тэмцдэг учраас багш нар асуудлаа нэг мөр шийдүүлээсэй гэсэн бодол ихэнх ээж, аавд байсан нь бас үнэн. Өмнө нь ярьсан цөөн хувийн цалингийн нэмэгдэл дээр ирээд зогсох байсан бол хайран тэмцэл гэмээр зураг харагдаж байна, багш нарын ажил хаялтаас.

Багш нарыг бодлогоор орон сууцжуулах, гадаад, дотооодод мэргэжил чадварыг нь тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байж дээшлүүлэх, ажиллах орчныг нь сайжруулах, гурван ээлжээр хичээллэдэгийг болиулж ажлын ачааллыг нь багасгах, нэг багшид ногдох сурагчдын тоог цөөлөх шийдэлд хүрэх гэх мэт багш нар руу хандсан өчнөөн дэмжлэг, бодлого үгүйлэгддэг. Энэ бүхнийг цогцоор нь тавиад засагтай хэлэлцээрийн ширээний ард суусан бол үр дүн гарах байсан. Арилжааны банкуудад нь илүүдэл төгрөг дөрвөн их наядаараа хэвтэж буй өнөө цагт ядаж л орон сууцны зээлийн асуудлаа Засгийн газраар шийдүүлээд авах боломж багш нарт байсан. Харамсалтай нь ажил хаялтад уриалсан Үйлдвэрчний эвлэл гэх коммунист байгууллагад тийм сонирхол чимхийн төдий ч анзаарагдсангүй. Тэд багш нарын нэр хүндийг сурагчдынх нь өмнө, нийгмийн өмнө шороотой хутгаад дууслаа. Багш нарын ажил хаялт Үйлдвэрчний эвлэлийн удирдлага гэх хэдэн хүний явцуу эрх ашиг, нэр олох хүсэл төдийгөөр хэмжигдчихлээ. Ер нь ямар нэг наймаа хий-хийн тулд иймэрхүү үзүүлэн тоглолт дэглэдэг нь Үйлдвэрчний эвлэлийнхний арга барил гэчихэд хэтрүүлэг болохгүй. Агуу ихийн дүртэй ихэнх тэмцэл, мэдэгдлийн ард хувийн өчүүхэн эрх ашиг нуугддаг гэдэг оргүй үг биш. Үйлдвэрчний эвлэлийн энэ дүр эсгэлтээс болж багш нар эрх ашгийнхаа төлөө дахин тэмцэх боломжоо лав хаалгачихлаа. Хатуухан хэлэхэд багш нар өөрсдөдөө ашигтай өөр ямар нэг алхам, тэмцэл, суулт хийх нүүргүй боллоо.

Ц.БИЛИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *