УИХ-ын дарга Г.Занданшатартай ярилцлаа.
-Яагаад цэгцтэй бодлого, цэгцэрсэн засаглал хэрэгтэй гэж үзэх болов?
Монголчууд бид Ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжин орсноор улс төр, эдийн засаг, нийгмийн шилжилтийг аажуу боловч амжилттай хийж ирэв.
Ардчилсан Үндсэн хуульт парламентын засаглал, олон намын систем, хүний эрх, зах зээлийн системийг хүлээн зөвшөөрч, нээлттэй нийгэм, сайн засаглалыг бий болгохоор бүгд л тэмүүлж, зорьж ирсэн байдаг. Гэвч хүссэн үр дүндээ тэр бүр хүрсэнгүй. Энгийнээр хэлэхэд молекулын эмх замбараагүй хөдөлгөөн өнгөрсөн 30 жилд өрнөсөн. Урагшаа ч хойшоо ч налсан, баруун зүүн тийш хөдөлсөн энэ эмх замбараагүй хөдөлгөөн нийгэмд бий болсон. Ардчилал тогтсон 30 жилд нэг буруу ойлголт нийгэмд тогтсон нь Ардчилал бол яаж ч болдог дураараа үйлдэл юм аа гэж ойлгогдож ирсэн. Үүнээс л үүдэж өнөөдрийн улс үндэстнээрээ зорьсон зорилгодоо хүрэхэд хугацаа алсарч, саад бэрхшээл алхам бүрт тохиох болов. Авилгал, хулгай гээд хэн чадаж байгаа нь дураараа дургидаг болсон. Энэ бүхнийг өөрчилж цэгцлэхийн тулд сууриас нь эхлэх ёстой, яг л барилгыг фундаментаас нь эхэлж зөв барьдаг шиг. Ийм л учраас Үндсэн хуулиасаа эхлэн энэ бүх гажуудлыг засахнийгмийн шаардлага бий болсон гэж хэлмээр байна. Ийнхүү хөгжил бол цэгцтэй бодлого, цэгцэрсэн засаглал юм байна шүү гэдгийг л 2019, 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд баталж чадсан юм.
-Ардчилсан тогтолцоонд шилжих үеийн тохиолдож болох гажуудал, хүчин зүйлсүүдийн талаар гадны эрдэмтэн судлаачидер нь ямар дүгнэлтхийж байна вэ?
-Америкийн нэртэй улс төр судлаач Жеймс Вильсон, Жорж Келлинг нарын эрдэмтэд “Хагархай цонхны онол” гэдгийг дэвшүүлсэн юм билээ. Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлавал “Цонх хагарвал тэр дор нь шиллэж байх ёстой.
Хэрвээ ингэхгүй бол дараа дараагийн цонх хагарсаар нэг ч бүтэн цонх үгүй болно” гэсэн утгатай. Энэ бол нийгэмд бий болсон тулгамдсан асуудал, буруу хазгайг дор дор нь засаж шинэчилж байхгүй бол тогтолцооны гажуудал болж урхагшина гэсэн үг. Өнгөрсөн 30 жилд манайд нүдэн дээр цонх хагарсаар байсан ч бүтэн болгоход нь төдийлөн анхаарсангүй. Оролдлогууд мэдээж байсан ч тэр бүр бүтэлтэй болсонгүй. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг”-тай адил “Хагархай цонх”-оор жавар салхи, тоос буртаг орж ирсээр, улам зузааран хуримтлагдсаар өнөөг хүргэжээ.
Би АНУ-ын Стенфордын Их сургуульд “Зочин судлаач”-аар ажиллаж байх үедээ Ларри Даймонд болон Жеймс Фишкин зэрэг нэр хүндтэй эрдэмтэд, багш нартай Монгол Улсын ардчиллын гажуудал, авлигын солиорол, хуулийн засаглал, хариуцлагатай төр, шударга ёс, нийгмийн тэгш бус байдал, ядуурал зэрэг нэн эмзэг сэдвийн тухай байнга ярилцаж хэрхэн шийдэх талаар санал солилцдог байв. Тэдний үзэж буйгаар ардчиллын төрийн ардчилсан соёл нь харьцангуй тогтвортой хөгжих үйл явцыг нягтарсан ардчилал хэмээн нэрлэж, ардчиллын чанар гэх үзэл баримтлалын хүрээнд судлагдахад анхаарлаа хандуулж байлаа. Бид “Дүр эсгэсэн ардчилал” гэж ярьдаг даа.Тэгвэл эрдэмтэд онолын түвшинд бодит үр дүн удааширч буй ардчиллын чанартай хэлбэр гэж үздэг юм байна.
-Бид ингэхэд ер нь хаашаа явж байна вэ, хөгжлийн тухай Таны тухайлсан тодорхой үзэл баримтлал?
-Ардчилал бол очих цэг биш хөгжлийн төлөөх хөдөлгөөн юм. Аливаа нийгэм байнгын хөдөлгөөнд байж л хөгждөг.
Өнөөдрийн бидний амьдралд тохиолдож байгаа алдаж буруудсаныхаа шалтгааныг олж, засан тэгшлэх ард нийтийн тэмцэл хөдөлгөөн, төр засгийн зүтгэл чармайлт нэгэн зүгт чиглэж байгаа нь сайн хэв шинж гарцаагүй мөн. Эмх замбараагүй мэт энэ цаг үеийг Монгол орон ИХ ХӨДӨЛГӨӨН-ий эрчим сайн засаглал руу тэмүүлэх ИХ НҮҮДЭЛ-ийн угтварт оршин байна гэж хэлж болно.
Эмх замбараагүй молекулын хөдөлгөөн энтропи гэж гэж термодинамикийн хоёрдугаар хуультай холбоотой нэг ойлголт байдаг. Хөдөлгөөн нь цэгцэрч, нэг урсгалд орохоороо энерги болж хувирдгийн адил эмх замбараагүй мэт энэ хөдөлгөөнийг өдөөж зөв чиглэлд оруулбал цэгцрэх хөдөлгөөн болж өрнөх нь дамжиггүй юм. Энэ үйл явц улмаар иргэнийхээ төлөө төр, хөгжлийг тэтгэсэн эдийн засаг, эрүүл, шударга нийгэм төлөвших хүчирхэг хөшүүрэг чиг зүг тогтох учиртай.
Шилжилтийн үеийн гажуудлыг засах тухай асуултын хариуг олохоор Стэнфордын Их сургуулийн Ардчилал, Хөгжил, Хуулийн засаглалын хүрээлэнд судалгаа хийсэн юм. Монгол Улсын хөгжлийн гадаад дотоод нөхцөл байдал, ардчилал, зах зээлийн эдийн засаг, хөгжил, хуулийн засаглалын талаар олон эрдэмтэдтэй уулзаж зөвлөсөн номуудыг нь уншиж судлаад “Хөгжил бол Цэгцрэх хөдөлгөөн” гэдэг номынхоо санаагаа олж 2015 онд анх бичиж байв. Ингээд энэ номоо уламж нарийвчилж, олон шинэ эх сурвалжаар баяжуулан дахин хэвлэж, энэ удаагийн номын баяраар нийтийн хүртээл болголоо.
-Та яагаад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Тогтвортой институт- Тогтолцооны реформ гэж үзэж байна вэ?
-Бид 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр эрх мэдэл булаацалдсан тогтолцооны гажуудлыг засаж, хяналт тэнцэл, парламентын хяналтын бүрэн эрхийг нэмэгдүүлсэн.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас анх удаа “Хөгжлийн банкны” болон “Нүүрсний хулгайн” нээлттэй сонсголыг тус тус зохион байгуулаад байна. 2023 оны нэмэлт, өөрчлөлтөөр парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, 78 гишүүнийг олныг төлөөлөх аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тусгасан. Үндсэн хуулийн өөрчлөлт бол өмнө нь бид сууриар нь тогтвортой болгон засаж чадаагүй байсныг тэнцвэржүүлсэн суурь шинэтгэл юм.
Институт гэсэн нэр томьёо нь байгууллага гэсэн латин үгнээс гаралтай их сургууль, хүрээлэн, тогтолцоо гэж хэрэглэгдэж ирсэн бөгөөд тухайн нийгмийг бүрдүүлэгч байгууллага, байгуулал гэж монгол хэлэнд орчуулагдсан байдаг. Судалгааны бүтээлүүдэд харилцан адилгүй орчуулж ирсэн тул институт- тогтолцоо гэж томьёолоод байгаа юм. Түүнчлэн Цэгцрэх хөдөлгөөн бол аливаа хөгжлийн эх үндэс мөн болохыг, тодорхойгүй, ёс журамгүй, сөргөлдсөн, зөрчилтэй байдал нь юунд хүргэдгийг, аливаа нийгмийн “тоглоомын дүрэм”-ийг тогтоон барьж байдаг институт-тогтолцооны үүрэг оролцоо, хэм хэмжээ, реформын талаар илүү нарийн судалж үздэг гэсэн үг тул Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санааг ингэж томьёолон хэлж болох юм.
-Цэгцрэх хөдөлгөөн, цэгцтэй бодлогын үзэл санаа бидэнд ямар боломжийг бий болгох вэ?
-Эдүгээ дэлхий ертөнц дэх энтропи буюу эмх цэгцгүй хөдөлгөөн нь магадгүй маш олон зөрчил, мөргөлдөөнийг үүсгэх нөхцөл байдлыг бүрдүүлж байна.
Дэлхий нийтэд үүсээд буй эмх цэгцгүй хөдөлгөөн талцал хуваагдалд тэр бүр хүргэхгүй болов уу. Харин тухайн улс үндэстэн бие дааж хөгжих гарц гаргалгаагаа олох хандлага руу чиглүүлж байна. Өөрөөр хэлбэл, улс орны дотоод асуудлууд болох институт-тогтолцооны реформ, зам тээврийн дэд бүтэц, эрчим хүчний хөгжил, агаарын холбоо сүлжээ, интернэтийн хөгжил, гарц зэрэг нь нийгмийн дотоод асуудал, сорилтуудаа шийдвэрлэх, сул талаа давуу тал болгох гол шийдэл төдийгүй гадаад орчинтойгоо зохицох, холбогдох хөгжлийн “эргэлтийн цэг” болох боломж юм. Монголчууд бид парламентын ардчиллаа бэхжүүлж, Үндсэн хуулиа шинэчлэн, үнэт зүйл дээрээ нэгдэж чадаж байна.
Ийнхүү Нэг Монгол болж, Нэгэн зүгт нэгдэж байгаа эв нэгдлийн дулаарлын цаг үе тохиож буйд олзуурхахын ялдамд хөгжлийг тээсэн цэгцрэх хөдөлгөөний онол, үзэл баримтлалын асуудлаар Та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцаж буйдаа баяртай байна.
Туршлага, сургамжаа шүүн тунгаах, алдаагаа засаж залруулах, тогтолцооны суурь шинэчлэл хийхэд чиглэсэн эрмэлзэл сүүлийн дөрөв, таван жилд эрчилсэн давлагаа болж өрнөж байна. Энэ бол ард түмний хүсэл эрмэлзэл үйл хөдлөл хөдөлгөөн болж байгаа үзэгдэл юм. Эмх замбараагүй мэт санагдаж болох ч энэ бол цэгцрэх хөдөлгөөн гарцаагүй мөн. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг эрх мэдэл булаалдсан тогтолцооны гажуудлыг бид үндсэн буюу суурь хуулиар зассан. Төрийн эрх мэдэл, түмэн олны санал бодол нэг талд, нэг зүгт гарахыг цэгцрэх хөдөлгөөн гэж бас тайлбарлаж болно.
Задралаас нэгдэл рүү шилжих, эмх цэгцгүй байдлаа цэгцрэх хөдөлгөөн болгох түүхэн хийгээд бодит боломжийг алдалгүй ашиглах нь монгол төр ард түмний маань хүсэл эрмэлзэл учир хүн бүрийн эрхэм зорилго байх ёстой юм. Нэгэнт эрчээ авсан цэгцрэх хөдөлгөөний хүчийг хэн ч тогтоож дийлэхгүй. Харин гажуудуулж болзошгүй. Тиймээс жам ёсны энэ үйл явцын эрчийг алдуулалгүй, улс орноо гажуудлаас гарган, хөгжлийн замд чиглүүлэх үйл хэрэгт иргэн бүр нэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Баярлалаа. танд амжилт хүсье.
Ярилцсан Х.Ананд
One reply on “УИХ-ын дарга Г.Занданшатар: Хөгжил бол цэгцтэй бодлого, цэгцэрсэн засаглал юм DNN.mn”
ENE BALAIG ZAILUULAAH EE GAHAI BAGSH SHIG HARAGDAAD BHIIN