УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлттэй танилцлаа.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба иргэний сонгох, сонгогдох эрхийг, мөн уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй” гэсэн заалт холбогдох асуудлаар аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус хязгаарлаагүй байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэжээ.
Харин мэдээлэл гаргагчдын үндэслэл болгож буй сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болохыг Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаас гарсан 01 дүгээр дүгнэлтдээ дурдсан байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй байна.