Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад 46 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай” танхим болон цахимаар нэгдсэн хуралдаанд оролцов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл“-ийг хэлэлцлээ.
Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр талууд тохиролцож, 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр уг хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд манай улс нийт хүн амынхаа 60 хүртэлх хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакцин худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, түүнчлэн хувийн хамгаалах хэрэгсэл худалдаж авах, хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учраас эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах, сургаж бэлтгэн мэдлэг, мэдээлэл олгох, вакцин хийсний дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, үйлчилгээний хураамж 0.75 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үүнээс эхний таван жилд үндсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байх аж.
Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хэлэлцээрийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд цахимаар танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Сарангэрэл, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Т.Доржханд, Д.Өнөрболор, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ж.Чинбүрэн, С.Чинзориг нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, коронавирусын халдварт цар тахалтай тэмцэх, иргэдээ ванкцинжуулах нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улсын Засгийн газар коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, цар тахлын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц импортлох, энэ чиглэлийн олон улсын хөтөлбөрт хамрагдаж ард иргэдээ вакцинжуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Засгийн газар энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хүртэлх хувь буюу 2 сая гаруй иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж, холбогдох судалгаа тооцоо гарган Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан болон удахгүй баталгаажих гэж байгаа вакцинууд, тэр дундаа вакцины хатуу дэглэмтэй 11 улсад аль вакциныг голчлон хийж буйг анхааралтай ажиглаж, тэдгээр вакциныг худалдаж авах, олон улсын хөтөлбөрт хамрагдахад анхаарч ажиллаж байна.
Өчигдрийн байдлаар манай улс хүн амынхаа 10 хувь буюу 330 мянган хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Өнөөдөр БНХАУ-аас 300 мянган тун Verocell вакцин татаж авна, энэ сарын 9-нд нэмж 900 мянган тун вакцин оруулж ирнэ гэдгийг хэллээ.
Түүнчлэн бусад орон, олон улсын байгууллагын хандив, тусламжаар манай улс 450 мянган тун вакцин авч, иргэдээ вакцинжуулж байгаа. Энэ оны зургадугаар сард КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 239 мянган тун вакцин авахаар бэлтгэж талаар нэгдсэн хуралдаанд оролцсон ажлын хэсэг нэмэлт мэдээлэл өгсөн юм.
Ингээд Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдав.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хороо энэ оны нэгдүгээр сарын 26, гуравдугаар сарын 30-ны өдрүүдийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ Байнгын хороонд ирүүлсэн байна.
Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар, Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нарыг зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Сүхбаатарын Эрдэнэбат, Саарайгийн Жаргалсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос нэр дэвшүүлсэн Энхтайваны Энхжаргал, Хоржавын Амгалан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн Лхагважавын Төр-Од нарыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ.
Нэр дэвшигч С.Эрдэнэбат нь эдийн засагч мэргэжилтэй, 2013 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгчөөр, С.Жаргалсайхан нь эдийн засагч мэргэжилтэй, 2013 оноос нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар, Э.Энхжаргал нь эдийн засагч мэргэжилтэй, 2018 оноос Монголын ажил олгогч эздийн холбооны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд ерөнхий зохицуулалтын газрын даргаар, Х.Амгалан нь эдийн засагч мэргэжилтэй, 2018 оноос Улаанбаатар төмөр замд Засвар ашиглалт хариуцсан орлогч даргаар, Л.Төр-Од нь эдийн засагч мэргэжилтэй, 2019 оноос Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа нар асуулт асууж тодруулан хариулт авч, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох санал хураалтыг нэр дэвшигч тус бүрээр явуулахад нэр дэвшигч Э.Энхжаргал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувийн, Л.Төр-Од 51.6 хувийн дэмжлэг авч, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдов. Харин нэр дэвшигч С.Эрдэнэбат, С.Жаргалсайхан, Х.Амгалан нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөв
Дараа нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тус Байнгын хороо гуравдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж дэмжжээ.
Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай саналаа энэ оны гуравдугаар сарын 29-ний өдөр тус Байнгын хороонд ирүүлжээ. Түүнчлэн даатгуулагчийг төлөөлсөн зөвлөлийн гишүүн Б.Мягмар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.11.3 дахь заалтын дагуу бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна.
Тиймээс Байнгын хорооны хуралдаанаар Тогтмолын Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболдыг, даатгуулагчийг төлөөлсөн зөвлөлийн гишүүн Бямбасүрэнгийн Мягмарыг чөлөөлж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Хаянхярваагийн Амгаланбаатарыг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд томилогдож байгаа гишүүд эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг авлига, ашиг сонирхлоос ангид ямар зарчим барьж ажиллах талаар, даатгуулагчид эрүүл мэндийн даатгалд итгэл үнэмшил буурсан байгаа тул эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлөх гишүүдийг албан тушаалаар нь оруулах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн хүү, аюулгүй байдлын талаар, мөн өндөр өртөгтэй мэс засал эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авчээ. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Улсын Их Хурлаас эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулсантай холбоотой Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд үүрэгт ажлаа хариуцлагатай хийх талаар санал хэлсэн байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнийг томилохдоо нэрээр биш албан тушаалаар томилох саналыг Байнгын хорооны гишүүд санал дэмжсэн байна.
Нэр дэвшигч С.Энхболд нь хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны магистр зэрэгтэй, 2021 оноос Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллаж байгаа, нэр дэвшигч Х.Амгаланбаатар нь эрх зүйч мэргэжилтэй, 2013 оноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Х.Булгантуяа, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Байнгын хорооны санал хураалт явуулахад С.Энхболдыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргаар томилох саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь, Х.Амгаланбаатарыг даатгуулагчийг төлөөлж Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг гишүүдийн 55.4 хувь нь дэмжсэн тул Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцов.
Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.