Categories
мэдээ улс-төр

“УИХ-ын үйл ажиллагаа парламентын сэтгүүлчид” сэдэвт сургалт боллоо

УИХ-ын Тамгын газар, Монголын парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран “Улсын Их Хурлын үйл ажиллагаа парламентын сэтгүүлчид” сэдэвт сургалтыг өнөөдөр /2016.12.02/ Төрийн ордонд зохион байгуулав. Уламжлал болгон явуулдаг уг сургалтад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нар оролцсон юм.

Улсы Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сургалтыг нээж хэлсэн үгэндээ, 20-иод жилийн өмнөөс парламентын сэтгүүлч гэх үг монгол хэлний үгсийн санд орж ирсэн. Парламентын сэтгүүлчийг би бусдаас илүү өргөн мэдлэгтэй, торгон нарийн мэдрэмжтэй, ур чадвартай, туршлагатай нэгэн гэж боддог. Парламентын үйл ажиллагааг өдөр бүр сэтгүүл зүйн бичлэгийн олон төрөл зүйл хэлбэрээр иргэдэд хүргэж байгаа та бүхэнтэй УИХ-ын Тамгын газар харилцан ойлголцож, хамтран ажиллах болно гэдгийг онцолж байв.

Хэвлэл мэдээллийн байгууллагын парламентын сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон уг сургалтад УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар “Улсын Их Хурлын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах талаар Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын тухай”, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл “Парламентын сэтгүүлчдийн холбоо, парламентын сэтгүүлчид”, Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга Н.Цогтсайхан “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын хуралдааны үед хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхаарах зарим асуудал”, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Ариунболд “Төрийн хамгаалалт, үйлчилгээний журам, хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхаарах зарим асуудал”, Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ш.Содномжамц “УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлан мэдээлэхэд хэвлэл мэдээллийн ажилтнуудын дагаж мөрдөх журам”, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үйлчилгээний хэлтсийн референт Ц.Болормаа “Гадаадын парламентын сурвалжлагчдын үйл ажиллагааны жишиг” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн юм.

Мэдээлэлтэй холбогдуулж сэтгүүлч, сурвалжлагчид сонирхсон асуултаа асуухын зэрэгцээ тэдний өмнө тулгарч байгаа асуудал, хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо. Мөн энэ үеэр парламентын үйл ажиллагааг сурвалжилж байгаа хэн бүхний мэдвэл зохих мэдээлэл, дагаж мөрдөх хууль, журмыг эмхэтгэсэн “Парламентын сурвалжлагчдын гарын авлага”-ын шинэчилсэн хэвлэлтийг хүргэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *