Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцлээ

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-19 гишүүн Засгийн газрыг огцруулах эрхтэй бөгөөд тодорхой хуулийн заалт, хууль зөрчсөн эсэхийг тодорхой бичиж, гарын үсгээ зурж, бичиг хүргүүлдэг. Тэгэхээр УИХ-ын даргыг огцруулахад ямар нэг тайлбар бичих юм бэ. Уг нь бол онолд суурилж хууль батлагдах ёстой. Түүнээс санагдах байдлаар хууль батлаад байвал богино хугацааны үйлдэл. Чөлөөлөх, огцруулах нь хоёр өөр ойлголт.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Би хувь хүнийхээ хувьд энэ асуудалд зөрчилтэй байгаа. Онол, ном ярих юм бол хэцүү л дээ. Огцруулж бол болно, ямар ч хүнийг огцруулна. Харин чөлөөлөх гэдэг дээр асуултын тэмдэгтэй болоод байгаа юм. УИХ-ын даргыг таван үндэслэлээр чөлөөлдөг байсныг зургаан үндэслэлтэй болгож, УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурж, чөлөөлөхөөр оруулж ирсэн. Ер нь цаашид УИХ-ын даргыг аль нэг, бүлэгт үйлчлэхгүй шууд намаасаа татгалздаг, дархлаа сайтай байх чиглэл рүү явах нь зүйтэй юм. Үндэслэл нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжлэг хүлээхгүй тул чөлөөлөх санал оруулж байна гэж би ойлгож байгаа.

-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Д.Лүндээжанцан дарга сая хэлэхдээ нэг хүнд чиглээгүй, дархлаагаа бий болгосон хууль байх ёстой гэж хэлж байна. Бид дандаа 65-уулаа энд суухгүй, олуулаа суухгүй. Олон намын оролцоо бий болж орж ирсэн нөхцөлд яах вэ. Ийм нөхцөлд энэ хууль ямар нэг үндэслэлээр УИХ-ын даргын асуудал хөндөгдөнө. Тэр үед бид яах вэ. Өнөөдрийн энэ нөхцөл байдалд УИХ-ын даргыг ойрхон, ойрхон огцруулаад байвал яах вэ. Тэгэхээр чөлөөлөх үндэслэлд ямар нэг тайлбар байх ёстой болов уу. Ийм сэтгэлийн хөөрлөөр УИХ-ын даргыг авч хаях үндэслэл бий болоод байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-УИХ-ын тухай хуульд дор дурдсан тохиолдолд УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудал яригдана. УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурж, чөлөөлөх хүсэлтийг оруулж өгөхөд үндэслэл нь хэлбэрийн хувьд зөрчилгүй. Харин та нарын хувьд яриад байгаа агуулгын хувьд яаж өөрчлөх вэ гэдэг асуудал асуултын тэмдэгтэй үлдэж байна. Ер нь цаашид УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбоотой хуулиа өөрчлөх шаардлага байна. Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн шаардлагатай байгаа юм. Парламентын засаглалтай орны хувьд төлөөллийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага байна гэдгийг харж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Парламентын дархлаа гэдэг нь ганц хүнийх биш. Цаашид ардчиллын дархлаа, Монголын төр тогтвортой байх уу гэдэг асуудлыг л ярьж байгаа юм. 1990 оноос хойш 21 Ерөнхий сайдтай байсан бол гурван УИХ-ын дарга хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байсан. Ер нь бол цаашид УИХ-ын даргын тогтворгүй байдал руу явах вий гэж болгоомжилж байна. Энэ хууль батлагдаад Үндсэн хууль дээр очиж, Цэцийн дүгнэлт гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Хуулийг зөрчсөн Ерөнхийлөгч үү эсвэл баталсан УИХ, дэмжсэн Засгийн газар хариуцлага хүлээх вэ. Дараа нь буруу хуул баталсан, санаачилсан, дэмжсэний хариуцлагыг хэн хүлээх вэ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Сүүлийн үед зарим нэг хүмүүсийн хэлээд байгаа зүйл арай л ёс зүйгүй зүйл рүү яваад байх шиг байна. Цуглааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болдын цуст тэмцэл, Ж.Батзандангийн хувьсгалын үед хууль хэрэггүй гэж хэлж байна. Энэ бол зохисгүй үйлдэл юм. Магадгүй энэ үгэн дээр чинь дөрөөлөөд зорилготой асуудал үүсгэвэл яах вэ. Тиймээс ярих хэлэх зүйл дээрээ анхаарах хэрэгтэй. Одоо бол МАНАН бүлэглэл унагаах тухай л яриад байгаа юм. Яг нарийндаа бол бид бүгдээрээ МАНАН бүлэглэлийн бүтээгдэхүүн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаачлан шинэ МАНАН үүсч байгаа юм биш үү. Одоо бид яриад, зөрчилдөөд байгаа зүйлээ эргүүлж нэг харж, үнэний дэнс нь хаана байна гэдгийг бодолцох цаг болжээ. МАНАН гэдэг юм нь арилгаад монголчуудын амьдрал сайхан болно гэж бодохгүй байна.

Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, дэмжсэн юм.

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.01.17/-ийн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч ирц хүрэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд горимын санал гаргалаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Монгол Улсын Ерөнхийлөгч хаалттай хуралдаан хэд хэдэн удаа зарлаад хойшилсон. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал ярина гэж байсан ч ирц хүрээгүй. Одоо энэ асуудлаа хэлэлцэх нь зөв биш үү. Мөн утаатай холбоотой асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газарт өгсөн үүрэг чиглэл юу болж байна вэ. Эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй, А хүрээний N1H1 вирус тархсан зэрэг тулгамдсан асуудал олон байна. Олон өдөр албан тушаал ярилцлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэх асуудал бий. Тиймээс энэ хуулийг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулах боломж байна уу.

УИХ-ын дарга М.Энхболд:

-ҮАБЗ-өөс Ерөнхийлөгч УИХ-д хаалттай мэдээлэл хийх тухай оны өмнө мэдээлэл танилцуулахаар ирүүлсэн. Харамсалтай нь, тэр үед УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшилсон. Оны дараа ҮАБЗ-өөс бичиг орж ирвэл шууд хэлэлцээд явах боломжтой. Утааны асуудлаар Ерөнхийлөгч Хяналтын сонсгол хийх санал ирүүлсэн бөгөөд асуудал хариуцсан байнгын хороо нь энэ асуудлаа хэлэлцэж, дэгийн дагуу зохион байгуулаад явах нь зөв байх. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хойшлуулж өгөөч гэсэн санал гаргалаа. УИХ-ын дэгийн тухай хуулиар нэг асуудлыг хэлэлцэж байгаад дараагийн асуудлыг хэлэлцэх нь хориотой байгаа. Энэ асуудлыг хэлэлцсэний дараа дараагийн хууль руугаа орох ёстой. Д.Сумъяабазар гишүүний горимын саналаар санал хурааж, олонхоороо шийдэх боломжтой.

Ингээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын гаргасан саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжсэн учраас хэлэлцэх асуудлаас хасагдлаа.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *