Categories
мэдээ нийгэм

УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс “IСT- Экспо 2014” үзэсгэлэнд оролцож байна

 Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “IСT-Экспо 2014” үзэсгэлэнд оролцож байна.

Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой болон “Цахилгаан холбоо, мэдээллийн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэс анх удаа оролцож байгаа юм.

Энэ удаагийн “IСT-Экспо 2014” үзэсгэлэн “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор явагдаж байгаа бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын  Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтнүүд Олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй, Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны холбогдолтой бүхий л мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэдэг open.parliament.mn, мөн  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  эрх зүйн актуудыг он, үсгийн дарааллаар эрэмбэлэн үзэх боломжтой LawsMN, ТҮЦ машины “Улсын Их Хурал“ модуль гээд таван аппликейшн программ, гурван үндсэн цахим хуудастай оролцож байна.

ТҮЦ машины программ хангамжид шинээр нэмж хийсэн “Улсын Их Хурал“ модуль нь Улсын Их Хурлын гишүүний мэдээллийн хэсэгтэй бөгөөд Нийслэл төдийгүй аймгуудад байрлах ТҮЦ машинуудын нүүр хуудсанд тухайн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн мэдээллийг ил байрлуулжээ.

Улсын Их ХурлынТамгын газар 100 гаруй цахим хуудастай бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд www.parliament.mn, open.parliament.mn khural.mn гэсэн үндсэн гурван цахим хуудастай оролцож байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа онцлов.

Мөн Олон улсын парламентын холбоонд бүртгэлтэй, Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудасны бүх төрлийн ухаалаг гар утсанд зориулсан хувилбар болох ParliamentMn аппликейшн программыг үзэсгэлэн сонирхогчдод танилцуулж байгааг нэмж хэлсэн юм.

“Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд болж буй “IСT- Экспо 2014” үзэсгэлэн энэ сарын 26-ний өдрийг дуустал үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *