Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын намрын ээлжит чуулганыг хаалаа

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы хаалт өнөөдөр боллоо.

УИХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд УИХ 75 өдөр чуулж, байнгын хороод 97 удаа, дэд хороо 5, түр хороо 9 удаа хуралдсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. Намрын ээлжит чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх чухал алхам хийн, 16 анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга, олон улсын 5 гэрээ, хэлэлцээр соёрхон баталжээ. Түүнчлэн УИХ-ын 39 тогтоол баталсныг дурдлаа.

Тэрбээр, “Намрын чуулганы хугацаанд баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, парламентын хөгжлийн шинэ шатыг эхлүүллээ. Ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш хуулийн хэрэгжилт хангалтгүй, хуулиудын уялдаа холбоо алдагдаж, давхцал, хийдэл, зөрчил гарах нь түгээмэл байсан. Дээрх хууль энэ асуудлыг шийдвэрлэх чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна. Хууль сайн хэрэгжихэд хувь хүн чухал үүрэгтэй. Ийм учраас зөв хүн олж, нэр дэвшүүлж, томилдог байх нь засаглалын амин чухал асуудал байдаг. Ийм учраас нэр дэвшигчийн сонсгол хийх зохицуулалтыг хуульчилсан. УИХ-аар хэлэлцэн томилдог албан тушаалтнуудыг зөвхөн тухайн албан тушаалыг хаших мэдлэг, чадвар, ёс зүй, шаардлага хангасан зэргийг харгалзан нийтийн сонсголоор томилдог байх зохицуулалт энэ хуульд тусгасан. Ингэснээр албан тушаалтнуудыг ард түмний шүүлтүүрээр оруулж томилох боломж бүрдэж байгаа юм.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа. Энэ хуулиар 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод байлгаж, ямагт шинэчилж байхаар хуульчилсан. Хуулийн хүрээнд тендерт шалгарсан болон шалгараагүй үндэс шалтгаан нээлттэй, хэний хүүхэд хаана, ямар зардлаар сурсан нь ил тод байна. Барилга байгууламжийг ашиглалтад орох улсын комиссын дүгнэлт нээллтэй байхаар заалаа. Ингэснээр шударга ёс, хариуцлагатай байдал бэхжиж, иргэний тэгш эрх хангагдана гэж үзэж байна. Мөн хүний хувийн мэдээлэл гэж юу вэ гэдгийг тодоройлж, түүнийг хамгаалах эрхзүйн үндсийг бүрдүүллээ.

“Дижитал үндэстэн” болж, цахим шилжилт хийхэд Цахим гарын үсгийн тухай хууль чухал ач холбогдолтой. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ердөө 30 мянга гаруй хүнд тоон гарын үсэг олгосон нь зөвхөн тендерт ороход л ашиглагдаж байсан байна. Тиймээс тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлж, өдөр тутам ашиглах үүднээс энэ хуулийг баталлаа. Цаашид иргэд гэрээ хэлцэл хийх, өргөдөл гомдол гаргахдаа тоон гарын үсэг ашиглах боломжийг нээж байна” гэлээ.

Мөн тэрбээр намрын чуулганы хугацаанд Кибер аюудлгүй байдлын тухай, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын 2022 оны улсын төсвийг баталсныг онцоллоо. Дээрх хуулиуд нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг дурдсан юм.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуульд ноднин 11 дүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-нд, хаврын чуулган 3 дугаар сарын 15-нд эхэлж буй юм. УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *