Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр /2016.05.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр “Би Хууль зүйн сайдад хандан, Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид амь эрсдсэн цэргүүдийн талаар асуулга тавьсан. Энэ дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын мэдээллийн сонсохоор хаалттай хуралдаж байна. Асуулгын зорилго бол тус анги нэгтгэлд Хөвсгөл аймгийн цэргүүдийг алба хаах явдлыг зогсоох биш харин цэргүүдийн нас барсан шалтгааныг тодруулж, цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар ярилцах юм. Тиймээс уг асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагагүй гэж би үзэж байна” хэмээн мэдээлэл хийх үеэрээ онцлон тэмдэглэв.
Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчид Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас энэхүү мэдээлэлтэй холбогдуулан тодруулга авлаа. Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлэхдээ, энэ асуудал Төрийн нууцын жагсаалтад байдаг, тиймээс хаалттай хэлэлцэх хуультай учраас хуулийн дагуу асуудлыг хэлэлцлээ. Бидний хувьд төрийн ажлыг хууль, журмын дагуу явуулж байна. Хэн нэгэн хүний хүсэлтээр асуудлыг нээлттэй, хаалттай хэлэлцэхийг бид шийддэггүй. Нууцад хамаарах асуудлыг хуулийн хүрээнд хаалттай горимоор хэлэлцдэг. Улсын Их Хурлын гишүүний асуулгын дагуу холбогдох мэдээллийг хүргүүлж, хуулийн хүрээнд мэдээлэл хийлээ гэсэн болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.