Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Өвс тэжээлийн үнэ өмнөх жилүүдийнхээс огцом нэмэгдсэн

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тэжээлийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Ерөнхий сайдад санал хүргүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ талаар “Өнөөдөр баруун бүсийн аймгуудад ган зуд нүүрлэх аюул тулгарч байна. Ган зудын эрсдэлээс гарахын тулд хамгийн түрүүнд өвс тэжээлийн хангамжийн асуудал байгаа. Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгууд манай улсын өвч тэжээлийн суурь бааз болж байна. Гэвч тус суурь баазуудад өвс тэжээлийн үнэ өмнөх жилүүдийнхээс огцом нэмэгдсэн” гэлээ.

Тухайлбал өнгөрсөн онд хатааж шахсан 25 кг өвс Дорнод, Сүхбаатар аймагт 2500 төгрөг байжээ. Тэгвэл энэ жилийн хувьд хатааж шахсан 18 кг өвс хөдөө орон нутагт 5000-6000, Улаанбаатар хотод 11-12 мянган төгрөг болон нэмэгджээ.

Ийм учраас Засгийн газар энэ байдалд дүгнэлт хийж малчид, мал аж ахуй эрхлэгчдээ эрсдэлээс хамгаалах ёстой. Үүний тулд өвс тэжээлийн хангамжийг сайжруулахын тулд импортоор өвс тэжээл оруулж ирэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Дотооддоо өвс тэжээлийн аж ахуй хөгжүүлэх шаардлага байна гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа онцоллоо.

2021 оны улсын төсөвт ядаж Баяннуурын тэжээлийн аж ахуйн 6000 га газрын услалтын системийг сайжруулах өртөг зардлыг тавьж өгч эрсдэлээс гарах шаардлагатай байна. Энэхүү санал хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж байна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *