Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо хамтран өнөөдөр амьд мал экспортлох Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Монголын Махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж “Долдугаар сарын 3-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар амьд мал экспортлох асуудлыг бүр мөсөн зогсоох шийдвэрийг ЗГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байдаг. Гэхдээ У.Хүрэлсүх сайдын 2017 оны арваннэгдүгээр сард гаргасан 318 дугаар тогтоол болох “Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” гэсэн жинхэнэ тогтоолыг тус хуралдаанаар авч хэлэлцсэнгүй. Үүнийг бид зориуд орхисон гэж хардаж байна.
318 дугаар тогтоолд “Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас, үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй” хэмээн заасан. Тус тогтоолыг хүчингүй болголгүй дахин ЗГ-ын хуралдаанаар оруулж ирэх шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд дахин даалгасан. 318 дугаар тогтоолыг хүчингүй болголгүй удааж байгаа нь ашиг сонирхлын зөрчил байгааг харуулж байна.
Ард иргэдэд амьд мал гаргах үйл ажиллагаа зогссон мэт худал мэдээлэл цацаж, цаагуур нь өөрсдөө мал гаргах үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг шаардаж байна. Шаардлагыг биелүүлэхгүй бол бид бүхэн амьд мал гаргах тогтоолтой холбоотойгоор эсэргүүцлийн өөр шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна” гэв.