УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд П.Батзориг өнөөдөр/2017.10.20/ ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.
Тамга хүлээлцэх үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн талаар товч танилцуулгыг хийлээ. Мөн ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгийн өнгөрсөн нэг жил хоёр сарын хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн ”Өнгөрсөн нэг жил хоёр сарын хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлийн хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлж эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн. Энэ Засгийн газрын түвшинд хамгийн сайн ажилласан хамт олон, яамаар шалгарсан” гэдгийг онцлоод цаашдын ажилд өндөр амжилт хүсэв.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “П.Сэргэлэн сайдынхаа цаашдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. Богинохон хугацаанд ажилласан боловч маш олон ажлыг энэ салбарт хийж, бүтээсэн. Таны хийж бүтээсэн, хийж буй сайн ажлуудыг үргэлжлүүлэн сайн хийх болно” гэдгийг онцлон тэмдэглэв.