УИХ-ын гишүүн Ж.Батзандан нээлттэй сонсголоос гарсан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байгаа тухайгаа мэдээлэл хийлээ.
Тэрээр Б.Хурцын бүлэглэлийн нэрийг он гаргаад зарлана гээд “Б.Хурц гэх этгээдийг тойрсон мафийн бүлэглэлийн нэрсийг зарлана. Б.Хурцын төлөөлөл болж прокурорт ажилладаг таван хүн байна. Түүний төлөөлөл болж хүн хэлмэгдүүлдэг дөрвөн шүүгч, 10 мөрдөн байцаагч байна. Хурцын гар хөл болж ажилладаг татварын байцаагч, аудитын хүмүүс байна. Б.Хурц, Ц.Элбэгдорж, М.Энхболдын бүлэглэлд орж Монголын ард түмнийг дарамталдаг, төрийн эрх мэдлийг хууль бусаар ашигладаг хүмүүсийн нэрийг тун удахгүй зарлана” хэмээлээ.
Б.Хурцын талаарх нээлттэй сонсголоор хэлмэгдсэн 15 иргэний гомдлыг сонссон байна. Сонсголоос гарсан санал дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байгаа. Санал дүгнэлтэд Б.Хурц нь Франц, Бельги, Герман улсын хил дамнуулан хүн хулгайлах ажиллагаанд оролцсон. Хууль зөрчиж, хүний амь насанд хүрсэн Б.Хурц Д.Энхбат агсны гэр бүлээс албан ёсоор уучлал гуйх ёстой. Ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Элчин сайдаар томилж болохгүй гэж үзжээ. Үүнээс гадна дөрвөн үндэслэлийг санал дүгнэлтэд дурдаж, Ерөнхийлөгчид хүргүүлж буйгаа мэдээлэв. “Ерөнхийлөгч Монгол ялна гэж сонгуульд орж ялсан. Монгол ялна гэдэг бол Монголын ард түмэн, шударга ёс ялна гэсэн үг. Б.Хурц, Ц.Элбэгдорж, М.Энхболдыг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн найман жилийн дотор олон зуун хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын том ордуудыг энэ бүлэглэл булааж авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Б.Хурц гэдэг энэ гэмт этгээдийн томилгоог зогсооно гэдэгт итгэж байна. М.Энхболдын бүлэглэлд Ерөнхийлөгч цохилт өгнө гэдэгт итгэж байна. Мафийн бүлэглэлийг Монгол төрөөс зайлуулах тэмцлийг маань Ерөнхийлөгч дэмжинэ гэдэгт итгэж байна” гэлээ.