Дорноговь аймгийн Айраг суманд хүчтэй аадар бороо орсны улмаас айл өрхүүд усанд автаж, цахилгаан шугам саатаж, төмөр замын эвдрэл гарч сум орон нутаг, ард иргэдэд ихээхэн хохирол учирсан билээ.
Үүнтэй холбогдуулан үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 08 дугаар сарын 15, 17-ны өдрүүдэд Айраг суманд ажиллалаа.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар ажилласан юм.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл судлаач, мэргэжилтнүүд 12-оос дээш насны хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд сэтгэл зүйн сургалт зохион байгуулж, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өглөө.
Мөн үерт автсан айлын 43 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, нярай хүүхдүүдэд нярайн хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгсөн бол 4 оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүллээ.