– Д.ГАНТУЛГА БОЛОН ХЭРГИЙГ ШАЛГАСАН ЦАГДАА, ПРОКУРОР, ШИНЖЭЭЧДИЙГ ШАЛГАЖ ЭХЛЭХ ҮҮ-
УИХ-ын гишүүн Д.Гантулга 2017 оны зургадугаар сарын 12-нд Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчиндсэн хэрэгт холбогдож, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж эхэлсэн билээ. УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт шалгагдаж байгаа талаарх мэдээлэл нийгэм даяар одоо ч дуулиан шуугиан тарьсан хэвээр байгаа юм. Тухайн үед холбогдох хууль хяналтын байгууллага дээрх хэргийн талаар мэдээлэл хийхээс гадна хүчирхийлэлд өртсөн гэх Ч.Наранзаяагийн төрсөн эгч Ч.Саранзаяа хэргийн талаар мэдээлэл хийж байв. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга нэгэн найзын хамт Ч.Саранзаяагийн хүүхдээ эмчлүүлж байсан эмнэлэг дээр очиж уулзаж байгаа, их хэмжээний мөнгө өгч буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга холбогдоод байгаа хэргийнхээ талаар Төрийн ордонд мэдээлэл хийж, өөрийгөө хилс хэрэгт гүтгэгдээд байгаа гэдгээ тайлбарлаад авсан. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Та дотуур өмдөө тэр айлаас өмсөөд гарсан уу” гэх сэтгүүлчийн асуултад “Би дотуур хувцсаа өмсөөд гарсан” хэмээн хариулж, “Бандааш” гэх хочтой болоод байгаа билээ. УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг Улсын ерөнхий прокуророос шалгах үүрэг өгсний дагуу Баянзүрх дүүргийн прокуророос хэргийг нь шалгасан байдаг. Энэхүү хэрэгт хэрэг бүртгэл явуулах ажлын хэсэг томилогдон, улмаар Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах шийдвэр гаргасан. Хохирогчийн эгч Ч.Саранзаяад байсан Шүүх эмнэлгээс ирүүлсэн гэх нотлох баримтыг дахин шинжлэхэд ямар нэгэн ноцтой зүйл илрээгүй талаар тухайн үед албаныхан мэдээлж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Шүүх эмнэлгийн гурван эмчийг шалгасан боловч хохирогчийн талын хэлж буй шиг тэмдэглэгээнд өөрчлөлт оруулж дарсан болон ямар нэгэн нотлох баримтыг устгасан зүйл шалгалтаар тогтоогдоогүй байна.
Улмаар хохирогчийн эгч өнгөрсөн долдугаар сарын 28-нд Улсын ерөнхий прокурорын газарт “УИХ-ын Д.Гантулгад холбогдох хэргийг дахин шалгаж өгнө үү” хэмээн өргөдөл гаргасан байдаг. Энэхүү өргөдлийн дагуу прокурор хэлэлцэж, Баянзүрх дүүргийн прокурорт ажлын хэсэг томилох үүрэг өгсөн байна. Үүний дагуу Шүүх эмнэлгийн нотлох баримт болон дүрс бичлэгт дуу таниулах шинжилгээ хийж, хохирогчийн хувийн байдал болон хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулсан. Гэтэл томилогдсон ажлын хэсгийн шалгалтаар “Хүчиндэх гэмт хэрэг тогтоогдоогүй. Нотлох баримтад хийсэн шинжилгээгээр ямар ч гэмт хэргийн шинжтэй зүйл нотлогдоогүй байна” гэх дүгнэлт гаргасан байдаг.
Хохирогчийн өмгөөлөгч, хуульч М.Ичинноров “Энэ оны зургадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Гантулга 25 настай оюутан охиныг өөрийнх нь гэрт хүчиндсэн хэрэг гарсан. Энэ хэргийг шалгуулах хугацаанд тэд цагдаа, хүчний байгууллага, шүүхийг бүгдийг нь худалдаж авч, өөрсдийнхөө талд ажиллуулсан. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас би хэвлэлийнхэнд хандаж байгаа нь энэ. Гэмт хэрэг болсон, бидэнд нотлох баримтууд нь байгаа. Харамсалтай нь УИХ-ын гишүүн Д. Гантулга цагдаа, шүүхийнхэнтэй хуйвалдаж, маш ноцтой хэргийг нэмж хийсэн. Хүчингийн хэрэг хийгээд зогсохгүй нотлох баримт устгах, хавтаст хэрэг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдээд байна” хэмээн мэдэгдэж байв. Ингээд дээрх хэргийг дахин шалгуулах хүсэлтийг УЕПГ-т тавьсан байдаг. Ийнхүү УИХ-ын гишүүнтэй холбоотой дээрх хэрэг хуулийн байгууллагаар удаа дараа шалгагдаж байгаад дахин нотлох баримтад шинжилгээ хийлгэх шийдвэр гарсан аж. Хэргийн газраас авагдсан нотлох баримтад хийсэн шинжилгээний хариугаар ДНК нь УИХ-ын гишүүн Д.Гантулгынх мөн болох нь эцэслэн тогтоогджээ. Ингэснээр түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломж бүрдэж байгаа юм.
Ч.САРАНЗАЯА:ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГЫН ДНК БОЛОХ НЬ 100 ХУВЬ ТОГТООГДСОН
Энэ талаар хохирогч эмэгтэйн эгч Ч.Саранзаяа өөрийнхөө фэйсбүүк хуудастаа “Өнөөдрийг хүртэл итгэж дэмжиж ирсэн олондоо маш их баярлалаа. Бид хоёр чадлаа. Тууштай тэмцсэний үр дүнд үнэн ялж байна. Та бүхний дэмжлэгтэйгээр ДНК-гийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Гантулгын цус, шүлснээс авч надад байсан нотлох баримттай тулган Гантулга гишүүнийх гэдэг нь 100 хувь тогтоогдсон.Шударгаар ажилласан мөрдөн байцаагч, прокурор нарт болон өмгөөлөгчдөдөө баярлалаа. Одоо шүүхээр асуудал эцэслэн шийдэгдэнэ. Завдсан хүн есөн жил авсан бол хүчин хийсэн нь тогтоогдоод, нэмээд албан тушаалаа ашигласан, нотлох баримт устгасан, гутаан доромжилж гүтгэж байсан Гантулга гишүүн хэрхэн хариуцлага хүлээхийг харах үлдлээ. Эрх мэдэлтнүүд нэг л юмнаас айдаг. Ард түмнээс. Энэ хэрэг анхнаасаа олон нийтэд ил явсан. Олон түмэн мэдэх эрхтэй. Энэ ганц гишүүн ганц миний дүүгийн хэрэг биш өөр бүдгэрсэн олон хэрэгт, ирээдүйд гарч болзошгүй хэргүүдэд сануулга, сэрэмжлүүлэг болсон гэж бодож байна. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой” хэмээн бичсэн.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хамгийн сүүлд гаргасан шинжилгээний хариу дүгнэлт олон ноцтой зүйлийг шалгах эхлэл нь болоод байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Гантулга эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад авлига хээл хахууль өгч, гэмт хэргийг нуун дарагдуулсан байж болзошгүй хэргийн сэжүүрийг АТГ-ынхан шалгаж эхлээд байна. Мөн Ч.Наранзаяа гэх хохирогч эмэгтэйн өгсөн үрийн шингэний арчидастай нотлох баримт бүхий ДНК-ийн шинжилгээг УИХ-ын гишүүн Д.Гантулгынх биш гэх хуурамч дүгнэлт гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван эмчийн ёс зүй, хууль бус үйлдэл яригдаж эхэлнэ. Тэдэнд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ тэдэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, ямар үндэслэлээр худлаа дүгнэлт гаргах болов. Ямар нэгэн улс төрийн нөлөөлөл орсон уу гэдгийг шалгаж тогтоох биз ээ. Үүний дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгагдаж, хариуцлага хүлээх ёстой. Учир нь хохирогч эмэгтэйн эгч Ч.Саранзаяа “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн худлаа дүгнэлт гаргасан байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан. Гэтэл тус хэлтсийн нэр бүхий цагдаа нар “Шинжээчид худлаа дүгнэлт гаргаагүй байна. Хавтаст хэрэгт ямар нэгэн зүйл сольж, хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй байна” гэх үндэслэлээр хэргийг хаасан билээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нарт холбогдох хэргийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг том зургаар нь харвал УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт хорих ялаар шийтгүүлж, хууль хяналтын байгууллагынхан хууль зөрчсөн асуудлаар шалгагдах нь тодорхой болов бололтой.
Э.Баатар