Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницк тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2018.04.25) хүлээн авч уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбар дахь сургалтын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд сэтгэл өндөр явдгаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, сургах тал дээр байнга хамтран ажиллаж, туслалцаа үзүүлдэгт талархал илэрхийлэв.ОХУ-ын Цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницк тэргүүтэй төлөөлөгчид манай улсад Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн урилгаар айлчилж байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.