Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдийг одонгоор шагнав

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын одон медалиар шагнах тухай” 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаа гаргасан байна.

Уг зарлигаар Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монгол Улсын Их Хурлын гишүүн Дуламдоржийн Тогтохсүрэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Жадамбын Энхбаяр нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасныг өнөөдөр (2017.02.24) Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулан өгөв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд одон медаль гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Монгол төр та бүхний хууль тогтоох байгууллагад болон бусад салбарын байгууллагад ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж өнөөдөр ийнхүү шагнан урамшуулж байна. Төрийн шагнал авна гэдэг цаашид илүүг хийж бүтээхийн нэр юм. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг дахин ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *