УИХ-ын гишүүн Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтарсан “Нийтийн сонсгол хэрхэн зохион байгуулах вэ сэдэвт” семинар өнөөдөр /2016.11.22/ Төрийн ордонд боллоо.
УИХ-ын гишүүдэд зориулсан энэ семинарт УИХ-ын гишүүн Н.Энхболд, Г.Занданшатар, Ж.Батзандан, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Дамба-Очир, Д.Сарангэрэл, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Н.Оюундарь, Б.Саранчимэг, А.Ундраа, Ж.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, Г.Солтан нар оролцов.
Семинарыг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн мэргэжилтэн Скот Немет удирдан явууллаа.
Түүнчлэн, АНУ-ын Конгрессийн мэргэжилтнүүд болох Вашингтон ДиСи хот дахь “Лугар” төвийн улс төр, эдийн засгийн зөвлөх Пол Конг, АНУ-ын Конгрессийн гишүүн Стив Найтын ажлын албаны хуулийн зөвлөх Кортни Кум нар хууль тогтоох үйл явцад нийтийн сонсголын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол зэрэг өргөн хүрээтэй сэдвээр УИХ-ын гишүүдэд танилцуулга хийв.
АНУ-ын Конгресст Хууль тогтоох, Хяналтын, Асуудалд суурилсан, Мөрдөн шалгах, Батлах гэсэн таван төрлөөр нийтийн сонсгол зохион байгуулдаг бөгөөд тухайн сэдвээр бүх мэдээллийг цуглуулах зорилготой байдгийг Конгрессийн мэргэжилтнүүд онцолсон.
Семинарын явцад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Г.Занданшатар, А.Ундраа нар нийтийн сонсгол үр дүнтэй зохион байгуулахтай холбоотой асуулт асууж Конгрессийн мэргэжилтнүүд хариулт өглөө.
Нийтийн сонсгол нь,
- Ирц
- Нээлтийн үг
- Гэрчүүдийг танилцуулах
- Гэрчийн аман мэдүүлэг
- Гэрчид асуулт тавих
- Хаалтын үг
- Сонсголын дараах гэсэн техникийн шинж чанартай удирдамжийг баримтлах ёстой бөгөөд үр дүнтэй зохион байгуулснаар олон нийтийн санал бодлыг тусгасан хариуцлагатай бодлого боловсруулах төдийгүй парламентын гишүүд сонгогчдынхоо бодит хэрэгцээ шаардлагыг мэдэрч, улмаар сонгогчидтойгоо харилцаагаа улам бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хянах зэрэг боломжийг бий болгодог ач холбогдолтой юм байна.
Семинарын төгсгөлд УИХ-ын гишүүдийг оролцуулж Конгрессийн мэргэжилтнүүд удирдан загвар сонсгол хийлээ. Сонсголын дүрэм журмуудыг бодитоор дуурайлгасан загвар сонсголд Н.Энхболд, Г.Занданшатар, Ж.Батзандан, Д.Сарангэрэл, Н.Амарзаяа, М.Билэгт, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Н.Оюундарь нарын гишүүд оролцсон.
“Америкт Трампын захиргаа гарч ирснээр Азид, тэр дундаа Монгол Улсад ямар нөлөө үзүүлэх вэ” гэсэн сэдвийн хүрээн дэх загвар сонсголд гишүүд идэвхтэй оролцож, нийтийн сонсгол үр дүнтэй зохион байгуулах дадлага эзэмшиж, туршлага солилцсон.
Энэхүү семинарыг УИХ-ын гишүүд төдийгүй УИХ-ын дарга, гишүүд, Байнгын хороод, УИХ дахь намын бүлгүүдийн ажлын албаны ажилтнууд, УИХ-ын Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох хэлтсийн ажилтнуудыг оролцуулан ирэх баасан гараг хүртэл дөрвөн өдрийн турш зохион байгуулах юм