Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

УИХ-ын гишүүд: Нүүрсний хулгайгаар УИХ нээлттэй, хяналтын сонсгол явуулах ёстой DNN.mn

-ХЯТАДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛТЭЙ ТУЛГАХАД Л НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БОДИТОЙ ЭСЭХ НЬ ГАРААД ИРНЭ ГЭВ –

Нүүрс борлуулалт, тээвэрлэлт, орлогын асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Товчхондоо нүүрсний хулгай өнөөгийн эдийн засгийн хямралын гол шалтгаан болоод буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ, энэ асуудлыг олон нийтэд ил болгож, зарим нэг улстөрчдийн хууль бус үйлдлийг шалгуулсны дараа буюу нүүрсний хулгайг зогсоосноор Монгол Улсын эдийн засаг хоёр дахин өснө гэж мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн улстөрчдийн нэрийг хэлж, тэдгээр хүмүүст анхааруулга өгч байсан билээ. Нөгөөтэйгүүр нүүрсний орлого буцаад Монгол Улс руу орж ирэхгүй Хятадад барилгын материал болж байгаа нь ам.долларын урсгалыг гадагшлуулах, валютын нөөцийн хомсдолд хүргэсэн гол шалтгаан гэж эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн нүүрсний хулгайн асуудалд төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоо хашиж байгаа нэр бүхий улстөрчид холбогдсон нь эхнээсээ ил болсоор. Нүүрстэй холбоотой улстөрчдийн асуудлыг эрх баригчид дотоод зодоондоо ашиглаж байна гэх шүүмжлэлийг сөрөг хүчин болох АНын гишүүдээс ил тод хэлдэг. УИХ нээлттэй сонсгол явуулахын тулд УИХын есөөс дээш гишүүн санаачилж гарын үсэг зурснаар боломж бүрддэг. Тэгвэл нүүрсний хулгайн асуудлаар УИХ нээлттэй сонсгол хийх үү, үүнийг гишүүд дэмжиж байгаа эсэх асуудлаар УИХын гишүүдээс тодрууллаа.


УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Дөрвөн төрлийн хулгай байгаа. Энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ. Хариултыг энэ сард багтан УИХ-ын чуулганы танхимд нээлттэйгээр өгөхийг мөн шаардсан. Нүүрсний хулгайгаар УИХ-ын Хяналтын сонсголыг яаралтай зохион байгуулахаар санаачилж ажиллаж байна. Дөрвөн хулгайг товчхон хэлье. Нэгдүгээрт, оффтейк гэрээ. “Эрдэнэс Таван толгой” компанийн борлуулалтын 20 хувь нь оффтейк гэрээгээр хийгджээ. Энэ нь нүүрсний уурхайн ам нөхцөлөөр буюу зах зээлийн үнээс 10-20 хувь хямд нөхцөлөөр гэрээ байгуулаад, компаниудад өгдөг. Тэдгээр нь цаашаа Хятадын худалдан авагчдад өсгөж зардаг. Ирэх жилийн төсөвт 36 сая тонн нүүрс борлуулахаар тусгасан. Хэрэв энэ бүх нүүрсийг “Эрдэнэс Таван толгой” дангаараа гаргадаг байсан бол зах зээлийн үнээс 10 хувь хямд гэвэл 360 сая ам.доллар, 20 хувь гэж үзвэл 720 сая ам.долларын алдагдал үүсэхээр байгаа.

Хоёрдугаарт, гаалийн мэдээлэлд тусгагдаагүй хулгайлагдсан нүүрсний асуудал. Гуравдугаарт, нүүрсний тээврийн бизнес. Дөрөвдүгээрт, төмөр замын хулгай. “Эрдэнэс Таван толгойн”-н эх үүсвэрээр санхүүжилтийг хямд нүүрсээр авч, түүнийг нууцлаад, төмөр зам тавьж байна. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийш, урагш. Гэтэл урагшаа тавьж буй төмөр замын санхүүжилт нь зүүн тийш тавьснаасаа 3-4 дахин өндөр байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Мөн хулгайн дараа хариуцлагын маш олон асуудал яригдана. Ерөнхийлөгч байсан, УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын сайд байсан гээд маш олон хүн холбогдсон байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Нээлттэй сонсгол гэснээс Хяналтын түр хороо байгуулж шалгах хэрэгтэй байх. Нэг тонн хүрэн нүүрс 1000 ам.доллар давчихаад байхад кокожсон нүүрсээ 120 ам.доллараар зараад буй нь анхаарал татаад байгаа юм. Энэ асуудалтай холбоотой ганц, хоёр зүйл бий. Удахгүй олон нийтэд баримттай хэлнэ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -УИХ энэ асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг миний хувьд бүрэн дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: -Нүүрсний хулгай бодитой эсэхийг хууль, хяналтын байгууллага эхлээд шалгаж тогтоох ёстой. Ер нь бол манай гаалийн байгууллага гаргасан нүүрсний хэмжээгээ Хятадын гаалийн байгууллагын бүртгэлтэй тулгахад л бодитой эсэх нь гараад ирнэ. Хөрш хоёр улсын гаалийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг нь хилээр нэвтрэх бүх төрлийн буюу мал амьтан, ургамал тэдгээрийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг хянаж шалгах, бүртгэх үүрэгтэй. Ийм байдаг тул гарсан нүүрсний статистиктэй тулгаж үзэхэд л болно. Энэ бол энгийн локиг шүү дээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: -Нүүрсний хулгайгаар УИХ нээлттэй сонсгол хийх нь зөв. Үүнийг би дэмжиж байна. Энэ асуудал нийгэмд хүлээлт, эргэлзээ төрүүлсэн. Тиймээс нээлттэй мэдээллийг хүргэх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Үүнийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Мэдээж нүүрсний хулгайг цэгцлэх ёстой. Дахин ийм боломж гаргахгүй байх эрх зүйн шинэчлэл болоод бусад асуудлыг ярих шаардлагатай. Миний хувьд нүүрсний хулгайн асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулахыг зуун хувь дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Нээлттэй сонсгол явуулахыг дэмжих битгий хэл би бүр зохион байгуулах хүн шүү дээ. Тиймээс энэ асуудалд УИХ-ын гишүүд болоод холбогдох албан тушаалтнууд, бусад бүх хүнийг оролцоосой, дэмжээсэй гэж хэлье.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Энэ асуудлыг хууль, хяналтын байгууллага бүрэн шалгаж дуусаагүй.

Одоохондоо шалгалтын ажил ид явагдаж байна уу даа л гэж харж байгаа. УИХ-ын түр хороо мөн энэ асуудлыг шалгаж байна. Бүрэн шалгаж дуусаад нээлттэй сонсголыг УИХ-ын түр хорооноос зохион байгуулж хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *