УИХ-ын чуулганы хуралдаанаар Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж буй. Гэвч Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийг тусгайлан зохицуулаагүй байна. Үүний улмаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үед үл ойлголцол үүсэх, мухардалд орох магадлалтай юм. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, агуулгыг шинэчлэн дээрх хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал хураалтыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэх, хуулийг баталсан тохиолдолд энэ сарын 10-наас эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал ирүүлжээ. Дээрх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5-63.5 хувь дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.