Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Хямралын үеийн төсөв батлагдаагүй нь харамсалтай


УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.


-Бид арван сарын турш цар тахлыг дотооддоо алдаагүй. Энэ хэвээрээ цаашид цар тахлыг алдахгүй байх боломж байсан уу?

-Мөнгө санхүүгийн хувьд ч, цаг хугацааны хувьд хангалттай бэлтгэж урьдчилан сэргийлэх боломж мэдээж байсан. Коронавирусийн эрсдэлээс хамгаалах зориулалтаар өнгөрсөн гуравдугаар сараас хойш өнөөг хүртэл 673 сая ам.доллар буюу бараг 1.9 их наяд төгрөгийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг олон улсын донор улс, байгууллагуудаас олгосон юм билээ. Хангалттай мөнгө. Дээр нь Засгийн газраас цар тахалтай холбоотой 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг өмнөх УИХ зөвшөөрсөн. Энэ мөнгөөр ямар зорилтот ажлууд хийв. Ялангуяа эрүүл мэндийн салбарт ямар ажлууд хийсэн, түүний тайлан бүрхэг байна. Мөн энэ хугацаанд гадаад орнуудын туршлагаас суралцаж, илүү үр ашигтай бодлого боловсруулж хэрэгжүүлэх байсан.

-Та УИХ-ын чуулган дээр цар тахлын аюул нэг өдрийн дотор учраагүй болохыг хэлсэн. Таны энэ байр сууринаас УОК-ын шийдвэрүүд оновчтой бус байна гэж ойлгохоор байна…

-Гол санаа нь бүхэл бүтэн 10 сар дэлхий дахины аюул болсон энэ өвчинтэй тэмцэж буй хэдий ч халдвар хамгааллын дэглэм, бусад шалтгаанаар дотоодод алдлаа. Гэсэн хэдий ч ийм байдалд хүрэхэд юу хийх вэ гэсэн бэлэн байдлын төлөвлөгөө оновчтой биш байсан уу, эргэж буцсан олон шийдвэр гаргалаа. Зүй нь бэлэн байдлын төлөвлөгөөтэй түүндээ ямар эрх ашгийг хэрхэн эрэмбэлж ямар бодлого явуулах нь тодорхой болсон байх ёстой. Өвчний үе дэх дэлхийн улсуудын туршлагаас үзэхэд нэг талдаа иргэн рүү буюу айл өрхийн орлогыг хамгаалах, нөгөө талдаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих энэ үеийг хамтдаа давахад чиглэсэн байна. 2020, 2021 оны төсвийг харахад энэхүү зорилгод чиглэсэн гэхээсээ илүү сонгуульдаа мөнгө босгох зорилгоор байшин барилга, музей хөшөө соёлын төвүүдийг хэтэрхий олноор төсөвт суулгасан. Жирийн үед бол яая гэхэв, хямралын үед яавч болохгүй.

Хүүхдийн мөнгө өрхийн амьжиргааг дэмжих богино хугацааны зөв шийдэл боловч нөгөө талдаа ЖДҮ дэмжихэд яагаад нэг ч төгрөг хуваарилдаггүйг ойлгоход бэрх. Ажлын байрны 80-аас илүү хувийг ЖДҮ бий болгодог гэдгийг санаж үүнийг дэмжих нь тойруу утгаараа бас л айл өрхийг дэмжихийн зэрэгцээ татварын орлогод ч эерэг нөлөөлнө.

-Нөхцөл байдлын талаар санаа хэлж, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлсэн таныг Д.Сарангэрэл сайд ихээхэн шүүмжилсэн. Эрх баригч нам шүүмжлэлийг сонсож чадахгүй байна гэдэг улс төрийн соёлынхоо хувьд хэр зөв юм бэ. Ер нь тэд яагаад шүүмжлэлээс ингэтлээ айгаад байгаа юм бол?

-“Сovid-19” монголчуудад хэлсээр, арван сар анхааруулсаар байгаад нэг л өдөр ороод ирлээ. Бас ч бидэнд бэлтгэлээ хангах, сонор сэрэмжтэй байх 10 сарын хугацаа өгсөн. Анх Ухань хотод гарч байхад тус хотын удирдлагууд яаж ажиллаж байлаа. Ухань хот 12 сая хүн амтай. Иргэдийн өмнөөс санаа зовж хэдэн асуулт асуусан. Тэгэхээр Улсын онцгой комисст эрсдэлийн үеийн стратеги, нэгдсэн зохион байгуулалт байсан бол нэг сая гаруй хүн амтай хотын хоол хүнс, хөдөлгөөнийг шийдэх үр дүнтэй олон аргууд ашиглаж болох байлаа. Цар тахлын үед улс төрийн явцуу нүдээр харахын оронд хэлсэн үгнээс минь санаа авах, зөвхөн Их хурлын гишүүн гэлтгүй ард иргэдийн үгийг сонсож үйл ажиллагаандаа тусгах нь ардчилсан парламентын жишиг.

-Одоо бидэнд цар тахалтай тэмцэх, иргэдээ эмчлэх, эдийн засгаа тогтвортой хэмжээнд барьж чадахуйц эдийн засаг, хүний нөөцийн боломж байна уу?

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас танилцуулсан 23 арга хэмжээ бүхий тогтоолтой танилцсан. Төсвийн орлогын болоод ажлын байрны дийлэнхийг бий болгож буй аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих гэж буйг үзлээ. Хуулийн хугацаанд татвараа төлж чадаагүй бол торгууль алдангиас чөлөөлнө, татварын тайлангаар гарсан алдагдлыг дараалсан дөрвөн жилийн хугацаанд хасч тооцох, улсын болон орон нутгийн санхүүжилттэй гүйцэтгэсэн бараа үйлчилгээний төлбөрийг ногдох татварт суутгана гэсэн заалтууд байна. Өнөөдөр том аж ахуйн нэгж гэлтгүй жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл борлуулалт буурч, цалингаа тавихад хүртэл хүндрэлтэй байхад НДШ төлж чадах уу.

Цар тахлын хөл хорио цаашид сунгагдвал жижиг дунд бизнес эрхлэгчид хаалгаа барьж, олон хүн ажилгүй, олон айл өрхүүд орлогогүй болно. Төсвийн орлогод энэ нь шууд нөлөөлнө. Үүний оронд жижиг дунд бизнесийг дэмжсэн хөнгөлөлттэй зээл олгох, ажлын байраа хадгалсны урамшуулал, борлуулалт түгээлтийг дэмжсэн бодлого ус агаар мэт хэрэгтэй байлаа. Аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ гээд олон салбар энэ жил зогссон нь олон хүний амжиргааг дордуулсан. “COVID-19” халдварын эсрэг дасан зохицох чадварыг сайжруулахын тулд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах төдийгүй зохистой ажлын байр бий болгох боломжийг санал болгох нь чухал. Гэтэл татварын орлогыг төсөвт 20 хувиар өсгөж тооцсон нь биелэхээргүй болсныг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан статистикийн мэдээгээр харлаа. Эдийн засаг 7.3 хувиар агшсан байна. Япон улс гадаад аялал жуулчлал зогсонгуут тэр мөнгөө дотоод аялал жуулчлалд татах зорилгоор энэ салбараа бодлогоор дэмжиж ДНБ нь түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрлээ гэсэн байсан. Зарим үзэгдэл эерэг үр дүн ч авчрах боломжийг нээж байдаг.

-Эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүй байхын тулд бид яах ёстой юм бэ?

-Аж үйлдвэрийн танхимын 10000 хүний дунд хийсэн судалгаагаар 72 хувь нь хадгаламжгүй, 14 хувь нь 30 хоногоос цааш ямар ч орлогогүй гэсэн дүн гарсан. Түүнчлэн судалгаагаар иргэд гэлтгүй аж ахуйн нэгжүүдийн хамгийн тулгамдсан асуудал нь зээл, зээлийн хүү байсан нь бидний бодлого юунд чиглэх ёстойг тодорхой өгүүлж байна. Зээл төлөлт болон зээлийн хүү төлөлтийг хойшлуулах нь өнөө маргаашдаа шийдэл мэт харагдавч эргээд түүнийг төлөх үед үүнээс ч илүү хүндрэлтэй нүүр тулахыг таашгүй. Харин банкны системтэй хамтран зээлийн олдцыг нэмэгдүүлж хүүг нь бодитой бууруулах бодлого чухал ач холбогдолтой. Зээлтэй ижил дарамт болж буй асуудал нь түрээсийн төлбөр гэдгийг надад ирүүлж буй хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг цайны газар, жижиглэнгийн худалдааныхны санал хүсэлт ч харуулж байна. Үүнийг түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын шийдэл гэж орхилгүй зардлын дэмжлэг үзүүлэх замаар үйл ажиллагааг дэмжиж болно.

-2021 оны төсөв батлагдсан. Цар тахлын эрсдэлийг тооцож тэвчиж болох зардлуудаа танаж чадсан уу?

-Хямралын үеийн төсөв батлагдаагүй нь харамсалтай. Төсвийг анхнаасаа тодотгох зайлшгүй шаардлагатай байсан. Гэхдээ төсвийн зардлыг бууруулж чадахгүй байгаа бол ядаж зарцуулалтыг нь зөв болгон өөрчлөх шаардлагатай. Энэ хүнд үед хөшөө, музей барих нь утгагүй. Харин тэр мөнгөө ядуурлыг нэмэгдүүлэхгүй байх, өрхийн амьжиргааг тэтгэх, ААН-үүд, баялаг бүтээгчид ажлын байраа авч үлдэхэд нь туслахад зарцуулах хэрэгтэй. Түүнээс хөшөө, музей барина гээд нийт хөрөнгө оруулалтын зардлын 60 гаруй хувийг барилга байшингийн асуудал дээр анхаараад, эргээд төрөөс ямар ч хамааралгүй, тендер авдаггүй, улс төрөөс 100 хувь хараат бус 85 мянган компаниа зоргоор нь хаяж болохгүй. Үүний цаана 800 мянган ажлын байр бий.

-Ардчилсан нам хэдийд намын даргаа сонгох вэ. Та ямар хүн энэ намыг даргалаасай гэж хүсч байгаа вэ?

-Ардчилсан намд туршлагатай, мэдлэгтэй, боловсролтой олон гишүүн бий. Ардчиллын 30 жилийн энэ ой дээр бид өнгөрсөн хугацаанд улс оронд ардчиллын үзэл санааг бий болгож, түүнийг хамгаалж, түүний үлгэр жишээ болж ирснээ дүгнэж нөгөө талаас өнөөгийн амаргүй нөхцөл байдалд орсон шалтгаан түүнээс гарах арга замаа ч ярилцаж бас мэтгэлцэж байна. Энэ цаг зуурын асуудлыг шийдэж цаашдаа улс төрийн намын байр сууриа бэхжүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилго нь гишүүд дэмжигчдийн хүсэл тэмүүлэл хэвээр байгаа. Тэр ч утгаараа намын даргын сонгуульд улс төр, нийгмийн ажлын туршлагатай гишүүд, дэмжигчдийн дэмжлэг хүлээсэн олон хүмүүс нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *