Монгол Улсын Их Хурын дэд дарга Л.Энх-Амгалан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй Бүгд Найрамдах Индонез Улсын парламентын төлөөлөгч Нурхаяати Али Ассегафыг өнөөдөр хүлээн авч уулзав. Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж бүсийн хэмжээний энэхүү чуулганд төлөөлөгчөө оролцуулж буй Бүгд Найрамдах Индонез Улсын парламентад УИХ-ын дэд дарга талархал илэрхийлээд, хатагтай Нурхаяати Али Ассегафыг тавтай зочлохыг урилаа. Хатагтай Нурхаяати Али Ассегаф УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, чуулганы үйл ажиллагаа амжилттай болж буйг тэмдэглэн хэлсэн. Уулзалтын үеэр талууд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож буй чуулганы ач холбогдол, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх талаар болон хоёр орны парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан ярилцав.