УИХ-ын дарга З. Энхболдод өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар бараалхав.
УИХ-ын дарга хэлэхдээ, уламжлалт найрсаг харилцаатай Унгар улстай хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлж, тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт болохыг онцлов. Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн агуулгаар баяжуулахад Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийж буй анхны айлчлал ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэн хэллээ.
Ази, Европын Парламентчдын /АЕП/ дээд түвшний уулзалт энэ оны дөрөвдүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо болохыг УИХ-ын дарга хэлээд, уг уулзалт арга хэмжээнд Унгар Улсын Парламентын даргад урилга илгээсэн.
Монгол Улс, Унгар Улстай улс төр, эдийн засаг, бизнес зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа улам батжуулах зорилготой байна. Монгол Улс бол зөвхөн гурван сая хүний зах зээл биш, харин манай хөрш хүчирхэг хоёр улсын 1.5 тэрбум хүн амтай зах зээл биднийг хүрээлэн байдаг. Түүнчлэн өнгөрсөн жил Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд манайд үйлдвэрлэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн 70-80 хувийн татварын хөнгөлөлттэйгөөр тус улсын хилээр нэвтрэх боломж бүрдсэнийг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцолж байв.