Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын дарга тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэж, жагсаал цуглаан хийхгүй байхыг уриалав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны дэд тэргүүн Ё.Энхтөр, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нарыг хүлээн авч уулзлаа.

МҮХАҮТ болон үйлдвэрлэл эрхлэгчид тавдугаар сарын 1-ний өдөр “Эдийн засгаа аварцгаая. Ажлын байраа хамгаалцгаая” уриан дор цахим жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Уулзалтад ирсэн мэргэжлийн холбоодын төлөөлөл эдийн засгийг дэмжих чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо илэрхийлцгээв. Коронавирусийн цар тахлын улмаас үйлдвэрлэгчдийн 70 хувийнх нь борлуулалт буурч, экспорт, импорт хумигдан, үйлдвэрлэл багассаны улмаас ажлын байр цомхотгогдоход хүрч байгаа талаар тэд ярилаа.

Мөн зээл, зээлийн хүүгийн хэмжээ, эргэн төлөлтөд учирч буй хүндрэлийг хөнгөвчлөх, бүтээн байгуулалтын ажлуудыг хойшлуулалгүй эхлүүлэх, хилийн түр боомтуудыг нээх, ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, махны экспорт, нөөцийн махны борлуулалтын чиглэлээр арга хэмжээ авах зэрэг саналыг дэвшүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэдний хөндөж буй асуудлууд бүгдээрээ төр, засгийн анхаарлын төвд байж, холбогдох арга хэмжээ авч байгаа. УИХ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг яаралтай горимоор хэлэлцэж, өнөөдөр батлах гэж байна.

Коронавирусийн цар тахал дэлгэрэхээс сэргийлж, хязгаарлан барьж чадаж байгаагийн дүнд гаднын зарим улс оронтой харьцуулахад Монголын нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Төр засаг, иргэд, үйлдвэрлэгчид хүчээ нэгтгэх, болзошгүй хямралыг хамтдаа хохирол багатай даван туулахад л илүү анхаарах хэрэгтэй байна. Үйлдвэрлэлээ тэтгэж, эдийн засгаа дэмжиж байж л бид сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Тиймээс та бүхнийг Майн-1-ний жагсаал цуглаанаа болихыг уриалж байна. Иргэд, олон нийт ч тийм таатай хүлээж авахгүй болов уу. Тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэмээргүй байна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *