Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Элчин сайд Пайпэр Э.Кэмбэллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр /2015.08.05/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш болохыг онцолсон юм.

Элчин сайд хатагтай Пайпэр Э.Кэмбэлл, Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон талын харилцааг хөгжүүлэхийн төлөө хичээн ажилласан гээд “Өнгөрсөн хугацаанд дэмжиж ажилласан Та бүхний туслалцаанд гүнээ талархаж байна” гэлээ.

2013 онд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, 2015 онд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, мөн онд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар тус тус Америкийн Нэгдсэн Улсад айлчлал хийсэн бөгөөд АНУ-ын Сенатор МакКейн, Шэлдон нар 2013 онд, Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Бөрнз 2013 онд, Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын сайд Ч.Хэйгэл 2014 онд Монгол Улсад тус тус айлчилсан. Хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн эдгээр айлчлал хатагтай Пайпэр Э.Кэмбэллийг Элчин сайдаар ажиллаж байх үед болсныг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр, 2008 оноос хойш таслалдаад байсан Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит хуралдааныг энэ онд зохион байгуулж, Монгол-Америкийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг Америкийн талаас санаачлан анхны хурлыг зохион байгуулсанд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол Улс 2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын бага хурал, 2015 онд Онлайн эрх чөлөөний эвслийн Сайд нарын бага хурлыг тус тус амжилттай даргалахад Америкийн Нэгдсэн Улс бүхий л талаар дэмжсэнд талархаж байгаагаа илэрхийлээд, үүнд Элчин сайд Пайпэр Э.Кэмбэлл чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Элчин сайд Пайпэр Э.Кэмбэллийн цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *