Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас эгүүлэн татсан болохыг танилцуулав. Үүний дараа шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оны төсвийн тодотголын танилцуулгыг хийсэн юм. Үүнд:
1. Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулахаар ОУВС-ын хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний явцад тохирсон. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, төв суурин газрын болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, байгалийн аюулт үзэгдэл, мал амьтны гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг барагдуулах, орон нутгийн болон улсын төсөвт хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, шүүхийн шийдвэрийн дагуу иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад олгох төлбөрийг барагдуулах зэрэг цаг үеийн тулгамдсан арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна. Эдгээр нь нэг удаагийн шинжтэй арга хэмжээ байх бөгөөд дараагийн төсвийн жилд зардлын нөлөөлөл үзүүлэхгүй юм.

2. Мөн давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, хуримтлалыг богино хугацаатай зээллэгийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэхэд ашиглахаар ОУВС-тай урьдчилан тохиролцсоны дагуу төсөвт тодотгол хийх шаардлага үүсчээ.

3. Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт тусгах шаардлагатай болсон бөгөөд энэ талаар ОУВС-тай мөн тохирсон. Үүнтэй уялдуулан нийгмийн эмзэг ядуу өрхүүдэд олгох хүнс тэжээлийн хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн аж.

4. Өсөн нэмэгдэж байгаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд нийцүүлж шаардагдах зардлыг тооцож төсөвт тусгах шаардлагатай болсон.

5. Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгахаар байна.

6. Өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “Барих-Шилжүүлэх” концессын төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт болон шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулахаар байгаа.

7. Дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтүүдийг төсөвт тусгаснаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ийн 0.5 хувиар сайжирч ДНБ- ий -9.9 хувь болж сайжрахаар байгаа тул тодотголыг өргөн барьсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *