Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл танилцуулав. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд юу хийх вэ? Эмзэг бүлгийн иргэдэд хэр хүртээмжтэй байх вэ?

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

-Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл эрүүл мэнд, боловсролын салбарт хөгжиж байгаа улс оронд олгодог. Монгол Улсын эрүүл мэндийн салбар 6 дахь удаагийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах гэж байна. Эрүүл мэндийн тусламж, хүртээмж хангалтгүй байгаа. Энэ удаагийн хөтөлбөрөөр 6 өрхийн эрүүл мэндийн төвийг нийслэлийн алслагдсан хороодод байгуулна. Өөрөөр хэлбэл, гурван хорооны дунд нэг өрхийн эмнэлэг байсан. Жишиг өрхийн эмнэлэг байгуулна. Алслагдсан хороодын иргэдэд өрхийн тусламж үйлчилгээг хүргэхээс гадна 10 аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэнэ. Үүний үр дүнд эрүүл мэндийн салбар тогтолцоогоороо өөрчлөгдөж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт мөн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг байгуулж, хүлээж авах гэж байна. Яаралтай тусламж үйлчилгээний төвийг шинээр байгуулна. Яаралтай тусламж үйлчилгээний төвийг орон нутагт байгуулж, онлайнаар холбогдон, яаралтай тусламж үзүүлдэг болно.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Эрүүл мэндийн салбарт их зүйл хийгдсэн. Бөөрний эмчилгээнд долоо хоногт гурван удаа орж байгаа иргэнээс талархал илэрхийлж өгөөч гэж надад хэлснийг дамжуулъя. Гэхдээ эрүүл мэндийн салбар асуудал их байгаа. Нийгмийн эмзэг бүлэгт чиглэх ямар арга хэмжээ хийж байна вэ? Өрхийн эмнэлэггүй хороо ч байна.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

-Диализийн аппаратад долоо хоногт гурван удаа ордог 790 иргэн байна. Иргэд маань нэг удаад 170 гаруй мянган төгрөгөөр ордог. Өрхийн эмнэлгийг байгуулахад 522 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Тиймээс гаднын зээл, тусламжийг авахаас шаардлагагүй.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *