Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв

Image result for Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэж байнаУИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.


-УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг тоймлон хүргэе-

Өнөөдөр үдээс өмнө Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулсан.

Манай улсын нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь жижиг, дунд бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд байдаг. Иймээс зарим салбарт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломж олгох үүднээс жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар уг хуулийн төсөлд тусгасныг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг хэт өргөжүүлж болохгүй, энэ удаад Засгийн газрын өргөн мэдүүлсэн хулилбараар дэмжээд гарах үр дагаврыг тодорхой хугацаанд харах нь зүйтэй, иймээс татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг нэмэх талаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгах шаардлагагүй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Татварын хөнгөлөлтөд зарим салбарыг нэмж хамруулах талаар УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа нарын гаргасан салбараар ангилах шаардлагагүй, татвар ногдох жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжүүдийг бүхэлд нь татварын хөнгөлөлтөд хамруулах нь зүйтэй гэсэн санал олонхийн дэмжлэг аваагүй юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эсгий, эсгий эдлэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдэв.

Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Т.Аюурсайхан, Ц.Гарамжав, Н.Оюундарь, Л.Мөнхбаатар, М.Билэгт, Л.Энх-Амгалан нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Засгийн газраас оруулж ирж байгаа татварын талаарх 1 хувийн хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг дэмжиж байгаа. Газар тариалан, мал аж ахуй, барилгын материалын салбарууд татаас ихтэй. Тиймээс салбарыг нь сольж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн болгож байгаа үйлдвэрлэл зэргийг хамруулвал ямар вэ? Эдийн засагт шаардлагатай байгаа чухал салбаруудыг хамруулах хэрэгтэй байна. Ер нь бизнес эрхлэгчид татварыг хууль эрхзүйн орчинг тогтвортой байлгахыг эрмэлздэг. Тиймээс эдийн засгаа босгоход татварын тогтвортой орчин хэрэгтэй гэсэн Засгийн газрын бодлогыг дэмжиж байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн байнгын хороонд 8 салбар нэмж оруулах санал оруулсан. Энэ нь дэмжигдээгүй. Б.Болд нар салбар харгалзахгүй бүх аж ахуй нэгжүүдийг хамруулъя гэсэн санал мөн дэмжигдээгүй. Таны санал хэлэлцүүлгийн үеэр гараагүй. Гишүүдийн бичгээр ирүүлсэн бүх саналд бид санал хураасан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Татварын багц шинэчлэл хийх талаар Засгийн газар ямар бодлого барьж байна вэ?

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Татварыг хөдөлгөх сонирхол байхгүй. Хамгийн гол нь тогтвортой байдлыг барьж ажиллахыг хичээн байна. Хууль эрхзүйн орчин тогтвортой байх ёстой. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг судалж үзнэ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах үед эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан. Гэтэл энэ оны зургадугаар сард Мазаалай бонд гээд зээл авчихсан байдаг юм билээ. Өнөөдөр төсвийн алдагдал 2.6 их наядтай, 580 сая ам.долларын бонд төлөх төлбөртэй байна. Тиймээс нөхцөл байдлыг хөнгөвчилвөл төсвийн алдагдал нэмэгдээд ,зээлээр амьдрах болно. Засгийн газар Татварын багц хуулиа эргэж харах цаг болсон юм биш үү?

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Аж ахуй нэгжүүд ашигтай ажилласан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлж байгаа. Ашгаасаа шалтгаалаад орон тоо нэмэгдэнэ гэж харахгүй байгаа. Хуулийн өөрчлөлт 2021 оны нэгдүгээр сар хүртэл байгаа учир тодорхой хэмжээний ажлын байр бий болгоно гэж үзэж байна гэсэн юм.

Асуулт, хариултын дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулав. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад зарчмын зөрүүтэй 6, найруулгын 3 санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Ингэснээр татварын хөнгөлөлтөд хамрагдахаар төсөлд тусгасан салбарын ангиллын “Барилгын материалын үйлдвэрлэл” гэсэн ангилалд “мод, модон эдлэлийн үйлдвэрлэл”, “Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа” гэсэн ангилалд “эсгий үйлдвэрлэл”-ийг нэмж тусгахаар боллоо. Мөн хуулиар хориглосноос бусад чиглэлээр алслагдсан аймгуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулахаар УИХ-аас өмнө гаргасан шийдвэрийг энэ төсөлд хүчингүй болгохоор тусгасныг дэмжих боломжгүй тул төслийн 2 дугаар зүйлийг хасах санал дэмжигдсэнээр алслагдсан аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөл хамрагдах боломж бүрдэв.

Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй 9 саналын томьёоллоор санал хураалт явуулахад 5 санал нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй. Иймээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Д.Ганболд, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Л.Оюун-Эрдэнэ нар “нийтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээ”, “эрүүл мэндийн салбарын үйлчилгээ”, УИХ-ын гишүүн Г.Занданшатар “мэдээллийн технологийн үйлчилгээ”, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, Л.Оюун-Эрдэнэ нар “программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдаа”, УИХ-ын гишүүн О.Батнасан “мод, жимс, жимсгэнэ үржүүлэх” аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулахаар гаргасан саналууд дэмжигдлээ.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

Харин чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15:00 цагаас эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.


Ингээд үдээс өмнөх хуралдаанаар зарим гишүүдийн хэлсэн үгийг дүрс бичлэгээр хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Дөрвөн салбарын чиглэлийг өөрчлөөд оруулж болох уу?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Орлогоос нь хамаарч татварын хөнгөлөлт үзүүлж болно


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Үйлчилгээний байгууллагыг яагаад оруулаагүй вэ?


УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: “Эрдэнэт”-ийн 49 хувийг эргүүлж улс авах юм уу?


УИХ-ын гишүүн Н.Учрал: Экспортын үйлдвэрлэлийг дэмжих нь эдийн засгаа аварна


УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Засгийн газар татварын асуудлаа татаад дахин нягтлаад оруулж ирэх хэрэгтэй


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Эдийн засгийг хүндрэлээс гаргах хамгийн зөв гарц нь программ хангамжийн үйлдвэрлэл


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Үнэхээр хууль зөрчсөн юм бол Хууль зөрчсөн заалтуудыг гаргаад ир, ил болго


УИХ-ын гишүүн Л.Болд: Ямар нөхцөлөөр, ямар баталгаагаар, ямар барьцаагаар зээл авах гэж байгаагаа ил болго


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Мод үржүүлгийг дэмжих нь тал бүртээ үр дүнгээ өгнө

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *