УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.15 цагт эхэллээ. Чуулганаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг багтжээ. Мөн хуралдаанаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Бат-Эрдэнэ нар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан ажлын багийн дүгнэлтийг чуулганаар хэлэлцэх хэрэгтэй хэмээв. Монгол Улс Оюутолгой төслөөс ашиг хүртэх хугацаа 2038 он хүртэл хойшилсон асуудлыг дүгнэлтэд тусгажээ. Энэ нь Монгол Улсад хэт хохиролтой тул нэн даруй хэлэлцэх ёстой хэмээсэн юм. Харин Ж.Батзандан гишүүн Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж, эрүү шүүлт амссан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахад УИХ анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа дурдлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ иргэдийн амжиргааг дэшлүүлэх бодлого гаргахад УИХ анхаарлаа хандуулж, бодлого гаргах шаардлагатай байгааг хэллээ. Тэрбээр, “Валютын ханш өсч, шатахуун, махны үнэ огцом өслөө. Үүний улмаас иргэдийн амьдрал доройтож байна” хэмээв. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Хорт хавдрын эрт илрүүлгийн тухай хуулийн төслийг нэн даруй хэлэлцэж батлах шаардлагатай гэсэн юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Эдийн засгийн байнгын хорооноос Оюутолгой төсөлд хийсэн шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл гаргах болсон. Одоогоор тогтоолын төсөл гараагүй байгаа тул өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах боломжгүй. Хорт хавдрын эрт илгүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд холбогдох байнгын хороод анхаарах хэрэгтэй” хэмээв. Мөн тэрбээр Засгийн газраас ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад анхаарах шаардлагатай байгааг онцолсон юм. Ийнхүү чуулганаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.