УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Хуралд 75 гишүүний 72 нь оролцож байгаа юм. УИХ-ны гишүүн Б.Батзориг, Д.Мурат, Г.Мөнхцэцэг нар ирээгүй байгаа. Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлтэй УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.
А.Ундраа: Ардчилсан нийгэмд хүний үг хэлэх эрхийг хорьж болохгүй. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэх үед эмэгтэй гишүүд шууд чөлөөлөх нь зөв гэсэн байр суурьтай байсан. Эмэгтэй гишүүд нийлээд мэдээлэл хийсэн. Үүний дараа та биднийг зэмлэсэн. Бүр биечлэн уулзаж зэмлэсэн. Дараа нь Д.Гантулга гишүүн өөрөө бүрэн эрхээсээ татгалзсан. Хэдхэн хоногийн өмнө түүнийг дахин ийм асуудалд холбогдсон тухай мэдээллийг хэвлэлээс харсан. Та тухайн үеийнхээ байр суурийг одоо буруу байж гэж боддог уу. Хоёрдугаарт, та бизнес эрхлэгчдэд их хатуу хандаж байна. Та бизнес эрхлэгчдээ хэр их сонсч байгаа вэ?
У.Хүрэлсүх: Д.Гантулга буруутай эсэхийг шүүх шийдэх байх. УИХ бүрэн эрхийг нь түлгэлзүүлэхгүй байхаар шийдсэн. Дараа нь намын даргын хувьд уулзаад “Миний дүү алдаа гаргасан юм шиг байна. Улс төрийн хариуцлага хүлээх нь зөв” гэж хэлсэн. Үүний дагуу чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Шударгаар ажиллаж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Тэднийг дарамталж байгаа төрийн байгууллагад ч хатуу хандана. Ямар нэгэн дарамт байвал хэлээрэй гэж зөвлөдөг. Би харин хууль бусаар баяжсан хүмүүсийн эсрэг л тэмцэж байгаа.
Ё.Баатарбилэг: Таныг “Хүнд жингийн коммунист” гэж бичсэн байхыг харсан. Таны бидэнд хандаж байгаа байр суурийг харахаар үнэхээр хүнд жингийн коммунист болсон мэт харагдаж байна. Одоо цаашдаа хувийн өмчийг хураах юм байна. Үүнийг чинь сонсоод үнэхээр хэлэх үг олдохгүй байна.
Д.Оюунхорол: Би УИХ-ын сонгуульд таван удаа нэр дэвшиж, дөрвөн удаа суудал авч, Монголын төрд 20 орчим жил зүтгэж явна. Гэхдээ УИХ ийм нөхцөл байдалд орж байсангүй. Энэ удаагийнх шиг томилсон Засгийн газраа огцруулах гэхээр Засгийн газар нь буцаагаад дарамтлахыг харсангүй. Таныг хараад ичиж байна.
У.Хүрэлсүх: Шударга ёсны асуудал тавихаар намын бүлэг хагарч байгаа юм. Түүнээс биш би намын бүлгээ хагалаагүй. Иргэд олон нийт надаас шударга ёс тогтоож өгөхийг шаардаж байгаа. Шударга бусын хонгилыг нураахаар ганц хоёрхон тоосго сугалахаар эсэргүүцэж Засгийн газрыг огцруулах санал гаргаж байна. Надад нэг өдөрт 2500 мессэж ирж байгаа. Үүнийг би ард түмний дэмжлэг гэж харж байгаа. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Удахгүй намынхаа их цэвэрлэгээг хийнэ.