Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: УИХ-ын даргын урсгал зардлыг 4.9 тэрбумаар нэмэгдүүлэхийг дэмжив

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр төсөвт зардал нэмэх асуудлаар санал хураалт явуулав. Тодруулбал,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын урсгал зардлыг 300 сая төгрөгөөр,

Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Бага Хурлын зарим гишүүнд нэг удаагийн мөнгөн дэмжлэг үзүүлэхэд зориулж 840 сая төгрөг,

Ардын Их Хурлын депутатуудад буцалтгүй тусламж үзүүлэхэд зориулж 2 тэрбум 350 сая төгрөг,

Үндсэн хуулийн 30 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад зориулж 200 сая төгрөг,

УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдахтай холбогдуулж, хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах 1 тэрбум 562.8 сая төгрөг буюу нийт 4 тэрбум 952.8 төгрөгийг УИХ-ын даргын урсгал зардалд нэмж тусгах,

ХЭҮК-ын даргын урсгалд зардлыг 1 тэрбум 664.6 сая төгрөгөөр,

Түүх, соёл, үндэсний урлагийг гадаад, дотоодод түгээн сурталчлах төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зориулж 400 сая төгрөг,

Аймаг, сум, нийслэл, дүүрэгт номын баярыг уламжлал болгон хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтэд 1 тэрбум төгрөг буюу нийт 1.4 тэрбум төгрөгийг Соёлын сайдын урсгал зардалд нэмэх,

Санхүүгийн зохицуулах хорооны урсгал зардлыг 1 тэрбум 427.5 сая төгрөгөөр,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багцад тусгагдсан Шүүхийн сахилгын хорооны зардалд 1 тэрбум 475.5 сая төгрөгийн санхүүжилтээс 1 тэрбум төгрөгийг ШЕЗ-ийн урсгал зардлыг нэмэгдүүлэхээр үлдээх, 475.5 сая төгрөгийг Сахилгын хорооны урсгал зардалд шилжүүлэх. Мөн хорооны урсгал зардалд 1 тэрбум 262.5 сая төгрөгийг нэмж тусган нийт дүнгээр шүүхийн Сахилгын хорооны урсгал зардлыг 1 тэрбум 738 сая төгрөгөөр тооцож төсөлд тусгах.

Ийнхүү дээрх дүнгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг нэмэгдүүлэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *