Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчид бараалхжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ дахь АН, МАН-ын гишүүд бараалхлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат зургаан жилээр ажиллахаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ажлын өндөр амжилт хүсэж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжин ажиллана гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх зургаан жилийн хугацаанд эв нэгдлийг хангаж, улс орноо эвлэрүүлсэн Ерөнхийлөгч байж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, эмэгтэйчүүдийг дэмжин ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах, өв уламжлал, үндэсний соёлоо сэргээж, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана гээд, энэ чиглэлээр УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “30 жилийн түүхтэй Ардчилсан нам бэхжин хөгжих нь Монголын улс төрийн төлөвшилд хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлээ сахин хамгаалах, улс орны эрх ашгийн төлөө улс төрийн намууд зорилго нэгтэй хамтран ажиллах цаг нь болсон” гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд баяр хүргэж, амжилт хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар УИХ дахь бүлгийн гишүүдийнхээ нэрийн өмнөөс бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүслээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэмлэн ажиллаж, парламент, хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө УИХ дахь хоёр намын бүлэгтэй хуулийн хүрээнд хамтран ажиллана” гэдгийг онцолсон юм.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарт ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *