УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурлаа Шонхор тауэрт намын удирдлагуудын оролцоотой өргөтгөсөн хэлбэрээр хийж байна.
Бүлгийн хурлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухайд УИХ дахь АН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурж нэгдээд байгаа. Ерөнхийдөө сонгуулийн холимог тогтолцоотой болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг саналуудыг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх хүсэлтийг тавиад удаж байна. Тус асуудал УИХ-ын даргын зөвлөл дээр хоёр удаа унаж, нэг удаа санал тэнцэж унасан. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр тогтсон. Гэвч УИХ-ын гишүүн Д.Ганбат тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, хүсэлтийг байнгын хорооны дарга хоёр хоног завсарлага өгөхөөр шийдсэн. Ингээд 2022 зургадугаар сарын 17-ны ТББХ-ны хуралдаанаар дахин гурав хоногийн завсарлага авсан. Үүнээс хойш “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоол батлагдаж, чуулган долоон хоног завсарласнаар асуудал түр хойшлогдоод байна. Уг асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэх аж.