Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2017.04.12) нэгдсэн хуралдаан 55.3 хувийн ирцтэйгээр 15 цаг 25 минутад эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабаас баталсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 11-ний өдөр Зэвсэгт хүчний хээрийн сургуулийн төвд явагдсан хээрийн сургуулилалтын үеэр гарсан осолтой холбогдуулан амь насаа алдсан цэргийн албан хаагчдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв. Түүнчлэн осолд өртөн, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа найман цэргийн албан хаагчийн эмчилгээ, эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал хандуулан ажиллахыг Эрүүл мэндийн сайдад УИХ-аас үүрэг болгосон юм. Тайван цагт дэлбэрэлт болж хүний амь нас эрсэдсэн энэ тохиолдол нь салбарын сахилга, хариуцлага сул байгаагийн илрэл хэмээн УИХ-ын дарга тэмдэглээд, осол гарах болсон шалтгаан, нөхцлийг шуурхай тогтоон, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцож, зэвсэгт хүчний салбарын сахилга хариуцлагыг сайжруулахыг Батлан хамгаалахын сайдад үүрэг болголоо.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр товлов. Хэлэлцэх асуудлыг баталсны дараа УИХ-ын дарга хуулийн төсөл эргүүлэн татах тухай Ерөнхий сайдаас ирүүлсэн албан бичгийг уншиж, танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эргүүлэн татаж буйгаа тус албан бичгээр мэдэгджээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны хоёрдугаар дүгнэлтийг сонсов. Үндсэн хуулийн цэцийн тус дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа (илтгэгч), Д.Солонго, Д.Одбаяр, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Нацагдорж оролцжээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтын холбогдох заалтаар Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” болгон тогтоосон нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргасан дүгнэлтдээ
1. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоолын хавсралтын 5-д “Оюуны өмч, улсын бүртгэлийн газар” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.
2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай хэмээжээ.
Үндсэн хуулийн цэцийн тус дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхэллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон хоёр, гуравдугаар асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах горимын санал гаргаж буйг танилцуулав. Тэрбээр, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг боловсруулахад ОУВС оролцсон эсэхийг тодруулах, Хүүхдийн мөнгө олголтыг 50 хүртэл хувиар танаж, нийт хүүхдийн биш, өрхийн гэдэг тодорхойгүй нэр томъёо хэрэглэж байгаагийн зэрэгцээ сайд нарын зардлын багц 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж буйг тодруулах, тэтгэврийн насны дэлхийн жишиг Монгол Улсад нийцэх эсэхийг эргэж харах, мөн хос хөдөлгүүрт суудлын автомашинд олгодог импортын онцгой албан татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулснаас 375.000-5.000.000 төгрөг хүртэлх татвар ногдуулахаар болсныг залруулах, иргэдийн татварын ачааллыг нэмэгдүүлэн, үүний хамт цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг 3 жил царцааж байгаа шийдвэрийн үр нөлөөг судлах, эдийн засгийн хүндрэлтэй үед НДШ-ийг нэмэгдүүлэх нь буруу хэмээн үзсэн зэрэг хэд хэдэн үндэслэлээр 5 хоногийн завсарлага авч байна хэмээн танилцуулсан юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хурал богино хугацаанд шуурхай хэлэлцэн, батлах эсэх нь Монгол Улс ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх, эсэхтэй шууд хамааралтай нөхцөл байдал үүсгэж буйг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн гишүүд ойлгож байгаа хэмээн найдаж байна гэлээ. Улс орны эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах хамгийн зөв арга зам бол ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын дэмжлэг, зөвлөгөөг авах, бодитой үнэлэлт дүгнэлт гаргуулах явдал мөн гэж Улсын Их Хурлын гишүүд, олон нийт үзэж байгааг мөн тэрбээр хэлсэн юм. Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.6-д “…Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно…” гэж заасныг үндэслэн гурван цагийн завсарлага өглөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.