Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаанд суухгүй бойкот зарласан билээ. Үүнээс үүдэн УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй хуралдаж чадахгүй байна. Тиймээс УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор шаардлага хүргүүллээ.
Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан шаардлагыг танилцууллаа. Шаардлагад “ Та болон таны танхимын УИХ-ын 13 гишүүн чуулганы нэгдэн хуралдаанд оролцохгүй байгаагаас нийгмийн асуудал орхигдож байна. Та өнөөдөр үдээс хойшхи хуралдаанаар мэдээлэл хийх ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайдын томилгоог танилцуулахгүй улмаас хэлэлцэж чадалгүй хойшлуулсан. Өнөөдөр ХХААХҮ-ийн сайдаа томилж чадахгүй байгаагаас анх удаа Мал тооллогын ажлыг салбарын сайдгүйгээр эхлүүлж байна. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайд хүрэлцэн ирээгүйгээс хэд хэдэн удаа хойшлуулж байсан. Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн улс орны эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой хэдэн, хэдэн асуудлыг хэлэлцэх гэхэд Засгийн газрын гишүүд орхиж гарснаар хэлэлцэх боломжгүй болсон. Та болон таны Засгийн газрын 13 сайд нар хуралдаа суухгүй байгаа учраас валютын ханшийн өсөлт, нефть, шатахууны үнийн өсөлт, утааны асуудал зэрэг иргэдийн өмнө тулгамдаж буй асуудалтай холбоотой Ерөнхий сайдын мэдээлэл УИХ дээр дөрвөн удаа хойшиллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийх ёстой. Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн төсөлд тавьсан хоригийг байнгын хороогоор хэлэлцэхэд санаатайгаар гурван удаа хойшлуулсан. Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар УИХ-ын үйл ажиллагааг гацааж байна. Танай Засгийн газар УИХ-ын ирцийг бүрдүүлэхгүй байх хууль бус арга хэмжээ авч хуралдаанд оролцохгүй байгаагаас болж ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг шалгах түр хороо байгуулах талаар хэлэлцэж чадахгүй байна. Хуульд заагаагүй үндэслэлээр УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн УИХ-д суухгүй байх шалтгаан болохгүй. Засгийн газар УИХ-аас бүрддэг. иймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг холбогдох хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Үүнээс болж үүдэн гарах аливаа хариуцлагыг танай Засгийн газрын сайд нар хүлээх болно.Засгийн газар хууль бус ажиллагаа явуулах эрхгүй. Хуулийн дагуу ажиллаж хуралд суух үүрэгтэй байгууллага. ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан сайд нартаа ёс зүйн арга хэмжээг өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүд хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаандаа оролцохгүй байна. Ерөнхий сайд таны тэргүүлсэн Засгийн газар УИХ-д үйл ажиллагаагаа танилцуулах үүрэгтэй. Түүнээс бус УИХ-ын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах үүрэг байхгүй. Тиймээс Үндсэн хуулийн зөрчилтэй тулж байна. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах хугацаатай шаардлага хүргүүлж байна” гэжээ.