УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэнээр эхэлсэн юм. Эдгээр хуулийн төслийн дагуу 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 20.0 мянган тонн үрийн улаанбуудайг импортлоход ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр байгаа. мөн иргэн, хуулийн этгээдийн импортоор оруулж байгаа үрийн улаанбуудайнд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ирэх оны зургадугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуулт гол төлөв гурилын үнэ өндөр байгаа төдийгүй буурахгүй байгаа нь ямар учир шалтгаантай, үнийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа, цаашид үрийн асуудлаар ямар бодлого баримтлах, хаанаас, ямар сортын үр оруулж ирэх гэж байгаа, түүнд хэрхэн хяналт тавьж хуваарилах, үр дүнг яаж тооцохтой холбоотой байв. Түүнээс гадна үрийн нөөц маш чухал учир түүнд анхаарч ажиллах, судалгаа хийх хугацаа дууссан тул сонгох үрийн чанар, сорт, хэрэгцээ, гэрээ хийх, түүнийг хэрэгжүүлэх хугацаа, хэрэгжилтэд хяналт тавих, хариуцах байгууллага зэрэгт анхаарч ажиллахыг санал болгож байсан юм. Ингээд уг асуудлыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь гишүүд зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг асуудлаарх Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа. Сонгуулийн одоогийн буюу 48/28 гэсэн холимог тогтолцоог хэвээр хадгалах, сонгогчдын саналын 28 хувийн босгогүй болгох, УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг төсөлд тусгасан тухай тэрээр танилцууллаа.
Сонгуульд оролцох улс төрийн намуудын тэгш эрхийг хэрхэн хангасан, мөн Үндсэн хуультай илт зөрчсөн заалт төсөлд байгаа эсэх, сонгуулийн одоогийн холимог тогтолцоо нь Үндсэн хуулийн зөрчил мөн эсэх, УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа эгүүлэн татах асуудал төсөлд яаж тусгагдсан, улс төрийн намуудын төлөөллийг сонгуулийн зохион байгуулалтад оролцуулах асуудал төсөлд яаж тусгагдсан, санал тоолох төхөөрөмж болон гар тооллогын дүн хоорондоо зөрвөл аль нь хүчинтэй тооцогдох, сонгуулийн хуулиас гарч болох эрсдэлийг хэрхэн тооцсон зэрэг талаар асуулт тавьж ажлын хэсгийнхнээс хариулт авсны дараа гишүүд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Тухайлбал, ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс “180-аас” гэснийг “150-иас” доошгүй хоногийн өмнө тогтооно гэж өөрчлөх, “УИХ, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна” гэж өөрчлөн найруулах зэрэг саналын томъёоллыг гишүүдийн олонхи дэмжлээ.
Түүнчлэн хуулийн төслийн зарим хэсгийг “намыг Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар, эвслийг эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудын эхэлж Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар”, “Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт (сугалах)-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл болон сонгогчдын төлөөллийг оролцуулна” гэж тус тус өөрчлөн найрууллаа.
“Энэ хуулийн 129.3.2-т заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 128.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэсэн хэсгийг нэмэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.
“Энэ хуулийн 136.1-д заасан тойргийн сонгуулийг хүчингүйд тооцох шийдвэрийг Сонгуулийн төв байгууллага гаргана”. “Энэ хуулийн 163.1-д заасан тойргийн сонгуулийг хүчингүйд тооцох тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргана” гэсэн хэсгийг төсөлд тус тус нэмж тусгахаар болов. Харин “Нам, эвслийн нэрийн жагсаалтад орсон аль нэг нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлж, тухайн нэр дэвшигчийн авсан саналыг нам, эвслийн авсан саналд тооцох”, “Нам, эвслийн нэрийн дараа тухайн нам, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшсэн нэр дэвшигчийн нэрийг нам, эвслийн гаргасан дарааллын дагуу бичнэ” гэсэн санал гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсангүй. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Төрийн байгуулалтын Байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар МҮОНРТ-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр нэр дэвшсэн хүмүүсийг танилцууллаа. Тус Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан, Д.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн учир тэдний оронд гурван хүнийг нэр дэвшүүлэх шаардлагатай болоод байсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, “Цахим өртөө” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш С.Санасэр, “Икэл сан” ТББ-ын тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ нарыг дээрх орон тоонд нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчдийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн юм. Чуулганы хуралдаанаар дээрх хүмүүсийг Үндэсний зөвлөлд батлахын өмнө Ц.Оюунгэрэл гишүүн “Соёл-Эрдэнэ Икэл сантай холбоотой хүн. Икэл сантай холбоотой маргаан үргэлжлэхэд МҮОНРТ-ийн сурвалжлага хийхээр явах сэтгүүлчдэд ямар нэгэн байдлаар нөлөөлж, дарамтлахгүй биз” гэхэд Ж.Соёл-Эрдэнэ “Манай Икэл сан эх хэл, морин хуураа дэлхийд сурталчлах, монголдоо түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Үүн дээр ямар нэгэн сонирхлын зөрчил байхгүй” гэв. Харин УИХ-ын гишүүн С.Оюун “МҮОНРТ-ийн Удирдах зөвлөл хэр сайн ажилладаг вэ. УИХ төсвийг нь баталдаг. Төсөв дээр нь хяналт тавьдаг уу” хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатараас тодруулахад “Ерөнхийлөгчийн тамгын газар МҮОНРТ-ийн бодлогод оролцох эрх байдаггүй. Ерөнхийлөгчийн зүгээс оруулж буй хүмүүс нь ёс суртахууны хувьд ямар нэгэн алдаагүй” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Монголд хууль нь дарга биш дарга нь хууль болчихсон. Уг нь МҮОНРТ-ийг хараат бус байлгах үүднээс 2005 онд хуулийг нь баталсан. Тэр хуулийг батлахад би байсан л даа. Уг нь гайгүй болгох гэж баталсан ч эсрэгээрээ явчихсан. Өршөөлийн хуулийг хэлэлцэн хэвлэлийнхэн бужигнаж байхад МҮОНРТ-ийнхэн яриа аваад явдаг хэрнээ орой нь гаргалгүй ганцаараа хар хөшиг татсан. Ирэх сонгуулиар намуудын цагийг нь зөв зохицуулж өгөөрэй. Тэгш байх зарчмаар яваарай. Гэхдээ бүтэхгүй гэдгийг нь мэдэж байна. Та нарт амжилт хүсье” хэмээн мэдэгдэв. Ийнхүү санал хураалт явуулахад Б.Галааридыг 89.4, Ж.Соёл-Эрдэнийг 81.5, С.Санасэрийг 87.5 хувийн саналаар Үндэсний зөвлөлд дэмжлээ.
Дараа нь Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
Харин үүний араас Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн 60 гишүүний 52 нь дэмжсэнээр 86.7 хувийн саналаар батлагдлаа. Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалтаа шууд явууллаа. Чуулганы хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сонгуулийн сурталчилгааны хоног 14 байгаа нь хангалттай биш гээд 18 хоног байхаар зарчмын зөрүүтэй санал оруулсныг Байнгын хороо дэмжсэн. Чуулганы хуралдаанаар Байнгын хороон дээр гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж хуулийн нэршлийг Сонгуулийн тухай хууль болгон өөрчлөв. Хуулийн төслийн 69.1 дэх сонгуулийн сурталчилгааны хоног 14 байхаар заасныг 18 болгон өөрчилж баталлаа. Ийнхүү намуудын дунд хүлээлт үүсгээд байсан Сонгуулийн тухай хууль батлагдлаа. Энэ хууль батлагдсантай холбогдуулан сонгуулийн холбогдолтой бусад хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг батлахыг дэмжлээ.
Энэ өдрийн чуулганаар хэлэлцсэн сүүлчийн асуудал нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай Байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэв. Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргаад байсан юм. Ингэснээр байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн горимын саналаар санал хураалгахад гишүүдийн 76.3 хувь нь дэмжээд байсан. Хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн. Ийнхүү төслийг баталснаар 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ны хооронд хаврын тариалалтад шаардлагатай 20 мянган тонн үрийн улаанбуудайг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж өгснөөр чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Э.ЭНХ
Ж.БАЯР