Categories
булангууд мэдээ спорт танайд-өнжье

Үй түмэн жаргалын эзэн болох гавьяатынд өнжлөө

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн аварга Т.Үйтүмэн­гийнд өнжлөө. Болз­сон ёсоор өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш арваннэгдүгээр хороололд бага хүү Ү.Ерөөлт-Үйлсийнх нь сургууль дээр уулзав. Биднийг очиход тэрээр хүүгийнхээ ангийн багштай уулзаж байлаа. Төд удалгүй гарч ирснээ “Манайх Арс­лан­тай гүүрний урдхан талд байдаг юм. Эндээс алхчихъя. Өнөөдөр ахынх нь унаа явдаггүй юм” гэв. Ийн Арслантай гүүр рүү дөхөж иртэл зөрж өнгөрсөн хүн бүр Үйтүмэн гавьяаттай толгой дохин мэндчилнэ. Явган хүний зам дагуух сандал дээр сууж байсан залуус “Түмээ ах, монголчууд илүү, илүү” хэмээн орилтол бидний урдхан талд алхаж явсан хоёр эмэгтэй эргэж харснаа “Боксчин Үйтүмэн байна. Гурвуулаа зургаа авахуулчихъя” гээд гүйн ирэв. “Яах юм бэ. Ах нь яаралтай ажилтай явна” гээд дориухан алхаж эхэлтэл “Таныг алхаж явахад чинь зургаа авахуулчихъя” гэснээ утсаа гаргаж ирээд явдал дундаа сэлфийдэв. Арслантай гүүр өнгөртөл Оюутны хотхон руу эргэтэл эхнэртэйгээ сугадалцан алхаж явсан ахимаг насны эрэгтэй “Пөөх, Манай боксын Үйеэ гавьяат явж байна” гэснээ малгайгаа авч өмнө нь тонгойсноо “Танаас адис авъя” гэвэл Т.Үйтүмэн “Хэрэггүй дээ. Би ямар хувилгаан биш” гээд инээмсэглэв. Тэгтэл өнөөх эр “Манай хүү боксоор хичээллэдэг юм. Миний тэргүүнд хүрвэл хүүгийн минь толгойд хүрч байгаагаас ялгаагүй” гээд замыг нь хаагаад зогсчих нь тэр. Аргагүйн эрхэнд Үйтүмэн гавьяат гарынхаа үзүүрийг нөгөө хүний толгойд хүргэх төдий болчихоод гараа буцаан татвал өнөөх ахимаг насны эрэгтэй гарыг нь бугуйгаар нь атгаснаа халзан толгой дээрээ шал хийтэл алгаар нь буулгаснаа “Баярлалаа, гавьяат аа” гээд инээмсэглэн алхаж одов. Бидний хажуу­ханд зогсож байсан шуудайтай лааз үүрсэн, ноорхой хувцастай, согтуу эр “Гавьяат аа, гар барьчихъя” гэвэл Т.Үйтүмэн огтхон ч цааргалалгүй гар барив.

Гэрт нь ортол үүднийх нь өрөөнд том жижиг хоёр ч унадаг дугуй харагдав. “Та дугуй унадаг юм уу” хэмээн асуутал “Манай хоёр хүүгийн дугуй байгаа юм аа. Гэхдээ ах нь хүүхэд байхдаа дугуй унадаг байсан. Дунд ангид сурч байхдаа Сэлэнгэ аймгийн унадаг дугуйн шигшээ багийн тамирчин байлаа. Аймгийн төвөөсөө Алтанбулаг хүртэл дугуйгаар явна. Украйн шар дугуйгаа олон жил унасан даа. Одоо бол гэр бүлээрээ зуслан эсвэл цэцэрлэгт хүрээлэн орохдоо хоёр хүү маань унадаг юм.

Хичээлдээ унаад явчихъя гэдэг л юм. Дугуйн замгүй болохоор санаа зовоод, хот дотор унуулдаггүй юм” хэмээн тайлбарлав.

Зочны өрөөнд оруут мөл­хөө тавилгын тавцангуудыг дүүргэх цом болон хажууханд нь урт гэгчийн улаан даалимба дээр хадсан медаль, цол тэмдгүүд нүдэнд туслаа. 1986 оны Сэлэнгэ аймгийн аваргын алтан медалиас авахуулаад 1997 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөн­гөн медаль хүртэл харагдав. “Та медалиудаа тоолж байсан уу? Хэдэн алт, хэдэн хүрэл медаль байна вэ” гэвэл Т.Үйтүмэн “Тоолж байгаагүй шүү дээ. Даавуун дээрээ багтахгүй болохоор талыг нь хураачихсан юм” гэв. Телевизорийн зүүн хананд олон улсын тэмцээнд оролцох эрхийн бичиг, шүүгчийн үнэмлэх сагсайн харагдав. “Энэ таны оролцож байсан тэмцээний эрхийн бичгүүд үү” гэвэл “Гандангийн хүрдэнд уясан хадаг шиг харагдаж байгаа биз. Зарим нь манай эхнэрийнх. Азийн боксын холбооны эмнэл­гийн гишүүн нь” гэв.

Т.Үйтүмэн бидэнд цай аягалж өгөх гэтэл түүний гэргий О.Отгонжаргал “Наадах чинь өглөө чанасан, хуучин цай. Плиткан дээрээ шинэ цай үйчихлээ. Удахгүй буцална. Тэр хооронд нь хурдхан хоол хийчихье. Төмс ногоог нь арилгачихсан юм” гээд махаа татаж эхлэв. Тэрээр “Ах нь хоол унд хийхдээ тааруу. Хар залуугаасаа тэмцээн уралдаан гээд гэрийн бараа бараг хардаггүй байсан. Хоол унд, гэр орон цэвэрлэх ажлыг бол эхнэр маань гаргаахгүй шүү дээ. Жирэмсэн үед нь ядаж шалаа арчиж, хоолоо хийдэг юм уу гэхээр будаа агшаагчны залгуур, шалны алчуураа хайгаад олохгүй шүү дээ. Тэгээд эхнэрээсээ асууна. Ер нь эхнэргүй юм гэж алга аа. Угаасан оймсоо хүртэл хаана байгааг нь асууна. Тэгээд сургачихсан юм чинь одоо яая гэх билээ дээ” гээд эхнэр рүүгээ хараад инээв. Гэргий О.Отгонжаргал “Цаг наргүй бэлтгэл хийдэг тамирчин хүний эхнэрүүд бүгд адилхан байлгүй дээ. Нас нь ахиад, зодог тайлаад завтай болсон ч нэгэнт ингээд сурчихсан занг сураар боож болох биш” гээд инээлдэв.

Т.Үйтүмэн 1986 онд Сэлэнгэ аймгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээ­нийн 46 кг-ын жинд аваргалж, гавьяат дасгалжуулагч, Ардын багш Д.Банди гуайн хараанд өртсөнөөр түүний тамирчны замнал эхэлжээ. Хамгийн сонирхолтой нь тухайн үед тэрбээр 32-хон кг жинтэй байжээ. Энэ тухайгаа тэрээр “Ангийн атаман, гудамжны овгор болох хүсэл маань бокс руу хөтөлсөн. Тухайн үед ганцхан би ч гэлтгүй, бүх л хөвгүүд тийм л бодолтой байсан. Зодооноороо мундаг болохын бөөн хүслэн. Манай Шаамар суманд намайг сурагч байхад трактор, комбайны хоёр ч техник мэргэжлийн сургууль байсан. Газар газ­раас ирцгээсэн залуустай муудаж зодолдох, сайндаж нөхөрлөхийг алийг тэр гэх билээ. Дээрээс нь би дэггүй,хурдан хөдөлгөөнтэй байсан учраас бокс тоглоход дөхөмтэй байсан болов уу. Гэхдээ миний бага байх үеийн сахилгагүй гэдэг бол хорон биш, гэнэн байсан. Муудаж, гар зөрүүллээ гэхэд одоогийнх шиг нэгнийгээ барагтай бол бэртээж, гэмтээхгүй. Зодолдож байгаад нэгнийх нь хамраас цус гарчихвал больчихно. Хэдхэн минутын өмнө чамайг зодно гээд шүдээ зуугаад дайрч байсан нэг нь цусыг нь тогтоох хөвөнд гэр рүүгээ гүйнэ. Тэр бүү хэл хоорондоо мудалцаад, зодолдох болоход хөл нүцгэн нэг нь гуталтай нэгнийгээ “Ээ чи бакалтай байна ш дээ” гэнгүүт өнөөх нь бакалаа тайлж байгаад “үзнэ”. Тийм л үе. Ингээд тухайн үед мундаг овгор болохын тулд боксоор хичээллэх ёстой юм байна гэж бодсоноос биш энэ спортоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпод оролцоно гэж огт бодоогүй. Дээр нь нагац ах Ганхуяг бокс тоглоно. Хааяа Шаамарт ирж тоглолтын бэлтгэл хийнэ. Хөл дээрээ хөнгөн үсрээд, намайг яаж ч түлхээд хөдөлгөдөггүй элсээр дүүргэсэн тулмыг сэмэрч урагдтал хүчтэй цохихыг харах­ үнэхээр урамтай байдаг. 1986 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн нагац ах маань ирээд явахдаа бээлийгээ мартчихсан байсан. Бээлийг нь өмсөж банзан хашаа, гэрийн гадаах хураалттай түлээгээ тойрч балбаж байгаад аймгийн аваргад орсон. 46 кг-ын жинд 32-той тууж ороод, бүгдийг нь нүдчихээд гараад ирсэн (инээв). Тэмцээндээ бол өвдөглөхгүй, хазахгүй, өшиглөхгүйгээр гудамжныхаа зодооноор тулалдаад аварга болсон” гэсэн юм.

Ийнхүү тэрээр аймаг­таа түрүүлж, гавьяат дасгал­жуулагч, Ардын багш Д.Банди гуайн хараанд өртөж, түүний удирдлаган дор хичээллэх болжээ. Тухайн жилээ улсын аварга шалгаруулах тэмцээнд явах гэтэл жин нь хүрээгүй учраас дараа жил нь орж мөнгөн медаль хүртжээ. Харин 1988 онд хүрэл медаль хүртсэн бол 1989 онд улсын аварга болжээ. Улсын аварга болсныхоо дараахан Румынд болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль давхар хүртжээ. Ийнхүү ангийн атаман болох хүсэл нь боксын Азийн аварга, дэлхийн аварга болох зорилгоор солигджээ. Энэ тухайгаа тэрээр “Жинхэнэ ном дүрэм, журмаар нь энэ спортоор хичээллээд эхлэхээр хүмүүжиж байгаа юм даа. Олон шагнал, медаль аваад ирэхээр юуных нь ангийн овгор, гудамжны атаман болж, хүн амьтан зодох. Амжилтаа ахиулахыг хичээдэг болсон. Аймгийн аварга болчихсон хүн чинь улсын аварга, улсын аварга болчихоод, Азийн аварга, Азийн аварга болоод Дэлхийн аварга, цаашилбал Олимпийн аварга болох хүсэл төрж, түүндээ хүрэхийн төлөө чармайдаг болсон. Энэ бол ганц миний ч биш бүх тамирчдын хүсэл мөрөөдөл нь гэдгийг би бардам хэлж чадна. Чин сэтгэлээсээ чармайж, зүтгэх юм бол юм бүхэн бүтнэ. Би чинь 1997 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах гээд онгоцны тасалбарын мөнгө олдохгүй байхад хүртэл халаас хоосон хэрнээ онгоцны буудал дээр ирж байсан. Гэсэн хэдий ч тэмцээндээ явж чадсан. Зөв бодол, тэмүүлэлтэй байхад ажил бүтдэг юм” гэсэн юм.

1997 оны Будапештэд зохиогдсон сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тэрээр мөнгөн медаль хүртсэн билээ. Тухайн үед тус тэмцээнд Мон­голоос Энхсайхан, Атар­баяр, Т.Үйтүмэн хэмээх гурван тамирчин оролцжээ. Энхсайхан, Атарбаяр нар шигшээ багийн тамирчид байсан учраас зардлыг нь Биеийн тамир спортын хорооноос гаргажээ. Тухайн үед Т.Үйтүмэн “Эрдэнэт” үйлд­вэрийн дэргэдэх “Хангарьд” клубийн тамирчин байжээ. Энэ тухай тэрээр “Олимпийн хүрэл медальт Энхбат ах, сагсны шөвгөр Өлзий ах хоёр маань онгоцны тасалбарын мөнгө олох гэж олон хоног гүйсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал агсан Ш.Отгонбилэг Америкт явсан учраас үйлдвэрээс мөнгө гаргах боломжгүй байдаг. Явах ёстой өдрөө хөлстэй хувцсаа үүрээд онгоцны буудалд итгэл муутайхан очлоо. Зардалгүй амьтан чинь итгэл муутай байхаас ч яах билээ. Тэгтэл Өлзий, Энхбат ах хоёр онгоц нисэхээс аравхан минутын өмнө надад 3000 ам.доллар бэлнээр өгөөд “За сайн яваарай ахын дүү. Тэмцээнээсээ ирээд өгөөрэй” гэсэн. Тасалбараа тэр дор нь аваад, онгоцондоо арайхийн амжиж суусан даа. 1997 онд самбо, жүдогийн дэлхийн аваргаас манайхан ганзага хоосон ирсэн байсан. Тэгтэл оны сүүлч үед боксынхон дэлхийн аваргад оролцож, би мөнгөн медаль авсан. Өлзий ахад мөнгийг нь өгтөл, медалийг нь мялааж байгаа юм гээд буцаагаад өгч билээ” хэмээн хүүрнэв.

Зургийн цомгийг нь үзэж суутал боксын олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, олимпийн аварга Э.Бадар-Ууган нартай хамт авахуулсан зураг гарч ирэв. 2008 онд нисэх буудал дээр татуулжээ. Зургийг харснаа Т.Үйтүмэн “Би 2005 онд Монголын боксын холбооны нарийн бичгийн дарга болуутаа Д.Банди багшийгаа шигшээ багийн ахлах дасгалжуулагч болгосон. Хэдхэн жилийн дотор олимп, дэлхийн авар­гуудыг төрүүлсэн. Олон Азийн аваргуудыг төрүүлсэн. Олимп дэлхийн аваргыг бэлтгэдэг болохоос заяагдмал төрдөггүй. Уяачгүй морь хаашаа ч давхих билээ. Үүнтэй адил дасгалжуулагчгүй тамирчин ямар ч амжилт гаргахгүй. Боксын холбоо маш сайн ажиллаж, багш дасгалжуулагч нар нь үүргээ сайн биелүүлсэн учраас энэ өндөр амжилтад хүрсэн. Түүнээс биш ганцхан би, Д.Банди багш хичээгээгүй. Уг нь энэ залуусын энгэрт олимпийн ганц ганц алт, мөнгөн медаль биш нэлээн хэд гялалзаж байх ёстой. Харамсалтай нь ид тоглох насан дээрээ спортоосоо хөндийрсөнд нь харамсалтай байдаг юм. 2012 оны Лондон­гийн олимпод боксын тамир­чид тааруухан оролцсон. Холбооны нарийн бичгийн дарга хэмээх үүрэгт ажлаасаа 2010 онд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас ийм тааруухан амжилттай оролц­сон шалтгааныг нь сайн мэдэхгүй юм. Бокс тоглож байгаагүй, мэдэхгүй хүмүүс надад бокс заах гээд байхаар нь холбооноос гарсан. Гэхдээ ирэх олимпод илүү амжилт гаргах байх аа” гээд санаа алдав.

Бээжингийн олимпийн үеэр Т.Үйтүмэн гавьяат боксын тайлбарлах үеэр “Илүү, илүү” хэмээх үг гарч ирсэн. Бээжингийн олимпийн тоглолтыг үзэхдээ ямар телевиз байх нь хамаагүй, Үйтүмэнгийн тайлбарлаж байгаа телевиз дээр сувгаа тохируул гэдэг байсан даа гэвэл “Энэ спортоор хар багаасаа хичээллэж эхэлсэн учраас бүх юмаа мэднэ. Огт мэдэхгүй хүн бол гараа өмнөө тавьж байгаад л тайлбарлачихна. Бараг л өмнөөс нь цохиод, бултаад л, дотор нь орчихож байгаа юм. Завсарлагаа нь болонгуут зэрэг усаа уугаад, миний хэлэхийг сонсохгүй ч тэнд дасгалжуулж байгаа аятай “Одоо зайнаас тогло, Хөл дээрээ сайн ажилла, Гэдэс рүү цохиж ядраа” гэж байгаад тэмцээний хонх дуугарангуут эргээд л булт, цохь, гээд гараа өмнөө барьчихаад үзнэ. Тэгтэл Бээжинд байгаа хүн цохиулж байхад Монголд байгаа Үйтүмэн яагаад бултаад байгаа юм гэсэн яриа хүртэл гарсан байна лээ” гээд инээв.

Бага хүү Ү.Ерөөлт-Үйлс нь том өрөөгөө тойрч гүйгээд, аав, ээжийнхээ араар ортол ах Ү.Түмэнжаргал хажуугийн өрөөнөөс гарч ирснээ “Аав аа, Үйлсээ даалгавраа дуустал нь хийгээгүй шүү. Тооныхоо даалгаврыг хийчихээд, монгол хэлээ хийсэнгүй” гэвэл Т.Үйтүмэн “Даалгавраа хийхгүй бол маргааш гадаа тоглуулахгүй шүү. Миний хүү чинь ухаантай юм чинь одоохон очоод хийчихнэ ээ” гэвэл уруу царайтай гүйн орж ирсэн хүү “Тийм, би хийж чадах юм чинь” гэсээр өрөө рүүгээ орлоо. Т.Үйтүмэн “Багаасаа хичээл номоо сайн хийгээрэй гэж би захидаг юм. Ах нь бол багадаа сурах гэж “тараадаг” байлаа шүү дээ. (инээв). Сурлагын дэвтрээр дүүрэн эх орны алтан гуравтай. Боксын бэлтгэл гээд хичээлдээ барагтай бол суудаггүй байсан юм чинь дүн ямар байх нь ойлгомжтой биз дээ. Банди багш, анги даасан багш хоёр маань миний дүнг гаргуулах, засуулах гээд дагуулаад сургуулиар харайлгаж өгнө шүү дээ. Харин би бол муу авчихаад тоодог ч үгүй байж дээ. Тэгж яривал Банди багш бэлтгэлдээ л анхаарлаа хандуул гэдэг байсан юм чинь. Дүнгээ гаргуулах гээд очихоор зарим багш нар надаас цочдог байлаа. “Ийм хүүхэд танай ангид байдаг билүү?” гээд гайхна. Тэгээд дүн гарах дөхөхөөр Д.Банди багш дээрээ уруу царайлсан амьтан ирээд “”Багш аа, нэг мэдсэн улирлын дүн гарах болчихож. Хичээлдээ сууснаас суугаагүй өдөр нь олон. Цөөн хэд хоног суусан хичээл дээрээ муу авчихсан” гээд хэлнэ дээ. Банди багш “За миний хүү бэлтгэлдээ л анхаарлаа хандуул, Багш нь аргална аа” гэнэ. Бас ангийн багш Баасанжав маань жилийн эцсийн дүн гарах үеэр миний дүнг гаргуулах гээд хөтлөөд л сургуулиар явчихна. “За энэ хүүхдэд онц тавь гэж гуйхгүй. Зүгээр гурав тавьчих. Энэ дүнтэй дүнгүй энэ хүүхэд өөрөө хоолоо олоод идчихнэ. Та нараас хоол гуйхгүй” гээд л гурав тавиулчихаад маргааш нь тэмцээндээ явчихна” гэвэл том хүү Ү.Түмэнжаргал нь “Тийм үү, тэгвэл аав сурах гэж үзүүлж өгдөг байж ээ” гээд инээлдэцгээв. Т.Үйтүмэн “Харин шалгалт дээр ээжээс чинь хуулдаг байсан” гэж нэмж хэлэв.

Т.Үйтүмэн болон түүний гэргий О.Отгонжаргал нар дунд сургуулийн нэг ангид сурч байжээ. Тэмцээнд явсан хойгуур хичээлийг нь нөхөж бичээд, ирэхээр нь тайл­барлаж өгдөг байсан аж. О.Отгонжаргал “Өрсөлдөгчийнхөө гэдсэнд яаж цохивол эвхрээд өгөх бол гэсэн бодол толгойд нь эргэлдэж байгаа хүнд химийн томъёо, математикийн тэнцэтгэл бодох аргачлал зааж өгөөд сурах уу. Шалгалт дээрээ нэг нь хуулуулж бай­гаад, нөгөө нь хуулж байгаад олон баригдсан даа” гэв.

Биднийг ийн ярилцах зуур том охин Ү.Хүслэн нь охинтойгоо орж ирэв. Зээ охиноо харуутаа Т.Үйтүмэн “Өвөөгийн бурхан нь орж ирж байна” гээд үнсээд, хувцсыг нь тайлав. Тэд 1993 онд буюу 21 настайдаа эцэг эх болж, Хүслэн охиноо төрүүлжээ. Тухайн үед охиноо өсгөнө гэвэл Т.Үйтүмэн бэлтгэлээ завсардуулна эсвэл гэргий нь сургуулиасаа чөлөө авах болжээ. Тэгтэл Үйтүмэнгийн ээж Түмэнцэцэг “Ээж дээрээ охиноо аваад ир ээ. Ээж нь өсгөөд өгье” гэснээр төрөөд сар гаруйхан болж байгаа охиноо аваад Дархан руу явжээ. Ийн Ү.Хүслэн таван нас хүртлээ эмээ дээрээ амьдарчээ. Ү.Хүслэн өнгөрсөн жил амаржсан аж.

“Би бараг хотын бүх гэр хорооллуудад амьдарч үзсэн. Спортын зааланд хүртэл мухарт нь амьдарч байлаа. 120 мянгатын эрчим хүчний зааланд амьдарч байлаа шүү дээ. Тэнд “Алтан бээлий” клуб маань хичээллэж байсан. Наана нь бэлтгэлээ хийж байхад цаад буланд нь ор, плитка тавьчихаад амьдарсан даа” гэвэл О.Отгожаргал “Дамбадаржаагаас Улиастай руу Дэнжийн мянгаас 100 төгрөгөөр морин тэрэг хөлсөлж нүүж байлаа. Тэр үед чинь унаа тэрэг тийм ч элбэг байгаагүй. Тэгээд морин тэргээ Дэнжийн мянгаас аваад Дамбадаржаа орно. Дамбадаржаагаасаа Улиастай руу хэдэн хувцас, ороо аваад нүүнэ. Ер нь бид хоёр амьдралаа, бүх зүйлийг тэгээс эхэлсэн учраас өнөөдрийн босгосон амьдрал маань тэр хэрээрээ амттай, үнэ цэнтэй. Хэрэв бид хоёрыг тусдаа гарахад бүх зүйл нь бэлэн байсан бол юмны үнэ цэнийг тэр бүр мэдрэхгүй байсан болов уу” гэвэл Т.Үйтүмэн “Тэр ч үнэхээр тийм шүү. Хамтдаа зүтгэж босгосон амьдрал сайхан шүү дээ” гээд хажууханд суух эхнэрээ хацар дээр нь зөөлөн үнсэв.

Түүнийг 1994 оны Хирошима­гийн Азийн тоглолт, 1996 оны Атлантын олимпод амжилт гаргах байсан хэдий ч луйвардуулж ялагдсан хэмээдэг. Энэ талаар түүнээс асуутал “Хирошимагийн Азийн тоглолт дээр Японы тамирчныг хэмх нүдсэн байхгүй юу. Тэгтэл ялалтыг түүнд өгсөн. Ялагдсан япон маань надад бугуйн цагаа дэвжээн дээр гарч ирээд дурсгаж байсан. “Чи надаас илүү юм байна” гэдгийг өөрөө хүлээн зөвшөөр­сөн болоод надад цагаа дурсгасан байх. Тухайн үед чинь оноо харагддаггүй байлаа шүү дээ. 1996 оны Атлантын олимпийн тоглолт дээр Доминиканы тамирчныг ялчихаад хоёрдугаар тойрогт Америкийн тамирчинтай тоглосон. Би илт давуу тоглотол нэг онооны зөрүүтэй шүүгчдийн шийдвэрээр ялагдаж байсан. Гэтэл америкууд “наад тамирчин чинь ялаагүй, нөгөөх нь ялсан” гээд орилоод усныхаа сав, алчуураа дэвжээ рүү шидээд байсан. Тухайн үед гавьяат тамирчин Д.Нармандах бид хоёрын тоглолт зэрэг болж байсан учраас миний тоглолтыг монголчууд бараг үзээгүй. Харин Ш.Отгонбилэг агсны гэргий Туяа, хүүтэйгээ үзэж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Содбилэг сургуульд ч ороогүй жаахан хүүхэд байсан. Луйвардуулчихлаа гээд заргалдах гэсэн чинь тоглолтын дараа арван минутын дотор англи хэл дээр өргөдлөө бичээд, 300 ам.долларын хамт тушаах байсан. Тухайн үед өргөдөл бичих англи хэлтэй хүн нь ч байгаагүй, мөнгө нь ч байгаагүй болохоор яаж ч чадаагүй. Гэхдээ энэ мэт луйвардуулж хожигдсон болгоноо ярихыг хүс­дэггүй юм. Хүн болгонд яриад явбал “Өнөө Үйтүмэн чинь ялагдахаараа луйвардуулчихсан гэдэг нөхөр үү үгүй юу” гэж бодно биз дээ. Ялагдах тусам бэлтгэлээ сайн хийж, тэр шударга бусаар ялалт аваад байгаа тамирчныг шүүгчтэй нь хамт ялах зорилт тавиад бэлтгэлээ хийдэг байсан. Үүний хүчинд 1999 онд Улаан-Үдэд болсон Баранаковын тэмцээнд Оросын шигшээ багийн тамирчныг нутгийнх нь дэвжээн дээр ялсан. Өмнө нь бас илт давуу тоглож байгаад хожигдсон. Бас Кардова-Кардинийн тэмцээнд өмнө нь луйвардуулж ялагдаж байсан Мексикийн тамирчныг дийлсэн. Бас 1997 онд чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байсан Гүржийн Гоглаз хэмээх тамирчинд шүүгчдийн алдаатай шүүлтээс болоод хожигдож байсан ч гэсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үндсэн цохилт болох апперкотоор буулгаж авсан. Энэ нь доороос гэдсэнд цохидог цохилт. Бөхчүүдийн дархан мэх гэдэг шиг энэ миний өрсөлдөгчөө буулган авдаг гол цохилт байсан. Удахгүй нээх гэж буй боксын клубээ ч Апперкот гэж нэрлэсэн” гэсэн юм.

Унтлагынхаа өрөөн дэх шилэн шүүгээнд бурхан шүтээнээ залжээ. “Будда шүтдэг. Бэртэл гэмтэл авалгүй, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч эхнэр нь залбирдаг байжээ.

Зодог тайлсан тухайгаа Т.Үйтүмэн “2000 оны Сид­нейн олимпод Киргизийн тамирчинд эхний тоглолт дээрээ хожигдоод, зодог тайлсан. Уг нь тэр тамирчинг хоёр жилийн өмнө ялж байсан юм. Нам цохиж байсан өрсөлдөгчдөө хожигдохоор “За даа, больдог ч юм билүү дээ” гэсэн бодол ямар ч тамирчинд төрнө. Ингээд 29 настайдаа буюу 2000 онд зодог тайлсан даа. Бокс бол цаг хугацааны асуудал. Тоглох насандаа тоглоод, болих үедээ зодгоо тайлахгүй бол болохгүй. Хөгширнө гэдэг чинь хурд хүч багасна л гэсэн үг. Хурд хүч багасахаар чинь өрсөлдөгчдөө олон цохиулна гэсэн үг. Олон цохиулна гэдэг чинь бэртэл гэмтэл олон авна л гэсэн үг. Уг нь тухайн үед 32 настайд зодог тайлуулдаг журамтай байсан. Харин одоо олон улсын сонирхогчдын боксын тэмцээнд 40 нас хүртэл тоглож болохыг зөвшөөрсөн” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэгрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *