Categories
мэдээ цаг-үе

“Үй цай” сургуульд Азийн дижитал шатрын сургалтын төв нээгдлээ

Хятад хэлний сургалттай “Үй цай” бүрэн дунд сургуульд DGT-Азийн сургалтын төвийн нээлтийн ёслол боллоо. Азийн шатрын дижитал сургалтын төвийн нээлтэд “Үй цай” сургуулийн захирал, доктор Д.Баяраа, тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэцэгмаа, Дэлхийн шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Жимми Кенмури, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нар болон сурагчид, эцэг эхчүүд оролцсон юм. Ёслолын ажиллагааг “Үй цай” сургуулийн авьяаслаг сурагчид монгол, хятад, англи хэлээр хөтөлж байв. Энэ үеэр мөн сурагчид монгол, хятад бүжиг бүжиж, морин хуур тоглож сонирхуулсан.

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр ярихдаа:

-Тайландын Чанмай хотноо Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сард болсон юм. “Үй цай” сургуулийн удирдлага энэ үеэр очиж, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Ал Тахэртай уулзан, “Үй цай” сургууль Монголд шатрын онлайн сургалтын төв байх урьдчилсан тохироог хийсэн. Өнөөдөр Голландад байдаг шатрын хөлөг, цаг албан ёсоор хийдэг компани болох “Dijital game technol­ogy” (DGT)-той хамтран Азид анх удаа онлайн сургалтын төвийг “Үй цай” сургуульд нээж байна. “Үй цай” сургуулийн сурагчид бүгд Дэлхийн шатрын холбооны гишүүн болсон. Холбоотойгоо хамтарч, сургалт зохион байгуулах юм. Туркээс Дэлхийн шатрын холбооны мастер Тамер Каратекин ирж, танилцуулах сургалт хийсэн. Дараа нь Дэлхийн шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын шүүгч Жимми Кенмури англи хэл дээр бүх ангид 21 хоног сургалт хийлээ. Сурагчдад дижитал board дээр хэрхэн тоглохыг заасан юм. Цахилгаан шатрын хөлөг буюу e-board дэлхийн аль ч улсын хаана ч байгаа хүнтэй тоглох боломж нээж байгаа юм. Бид цаашдаа 21 аймагтаа ийм дижитал шатрын хөлөгтэй болохоор төлөвлөж байна. DGT сургалтын төв нь Азид төдийгүй Монголд анхных юм. Өнгөрсөн оны сүүлээр манай холбоо сургалтын төв байгуулах эрх авсан. Цаашдаа бид e-board ажиллуулах, холбох хүмүүсээ тус сургуулиар дамжуулж сургах юм.

Шатар сэтгэн бодох чадварыг сайжруулна, хүүхдийг сууж сургана. Хүүхэд бүр шатрын аварга болохгүй ч шатар тоглож, энэ спортын давуу талуудыг өөртөө шингээнэ. Халимаг улс 1995 онд бүх сургуульдаа шатрын хичээл оруулаад, хоёр жилийн дараа ОХУ-ын математик, физикийн олимпиадуудад халимагууд түрүүлж байсан. Шатар тоглодог болсноор хүүхдүүдийн чансаа сайжирсан гэсэн дүгнэлт гарсан юм. Шатар тоглодог хүүхдүүд гадаад хэлэндээ сайн байдаг гэж ярьдаг. Шатар тоглож, өргийнхөө нөхцөлийг хардаг. Шатар тоглодог хүүхдүүд гадаад хэлний үгийн байрлал, дарааллыг сайн тогтоодог гэдэг юм билээ” хэмээв.

“Үй цай” сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэцэгмаа “Манай сургууль анх үүсгэн байгуулагдахдаа шатрын хичээл оруулж байсан. Шатрын онолоос нь эхэлж сургая гэж бодсон юм. Энэ жилээс Дэлхийн шатрын холбооны дижитал сургалтын төвөөр дамжуулж хүүхдүүдээ хичээллүүлье гэсэн юм. Манай сургууль найман дижитал шатрын хөлөг авсан. Дэлхийн аль ч өнцөг буланд байгаа хүүхдүүдтэй тоглох боломжтой. Аливаа хичээлийг академик талаас нь зөв хэлбэрээр суурийг нь тавьж өгвөл төгсгөл нь сайн байдаг. Манай сургуулийн 21 жилийн сургалтаас ч энэ бүхэн харагдаж байна. Анх хятад хэлийг заахдаа тухайн улсад хэрэглэгддэг сурах бичиг, багшийг авчирч заалгасан. Зарим хүн хэлж байсан “Өвөр монголчууд хятад хэлийг сайн сурч байна. Тэдэн шиг түргэвчилсэн, хөнгөвчилсөн байдлаар сургавал ямар вэ” гэсэн. Бид хятад хүүхдүүд сурч байгаа сурах бичгээр сургасан нь дээр гэж шийдсэн юм. Өнөөдөр манай хүүхдүүд хос хэлтэй, төрөлх хэлээс гадна англи, хятад хэлтэй. Гадаад хэлийг академик, мэргэжлийн түвшинд сурсан. Шатар хүлээцтэй тэвчээртэй, зөв шийдвэр гаргахад сургадаг. Хэдэн нүүдлийн цаадахыг харж чадаж байна гэдэг амьдрал дээр ч алсыг харсан зөв шийдвэр гаргаж сурахад тусална. Манай сурагчид хятад хэл сурахын тулд сайн суудаг. Шатар хүүхдийг сууж сургадаг.

Монгол айлд морин хуур, шатар байдаг уламжлалтай. Шатрын дижитал сургалтын төв дэлхийд ч шинэ. Азид анх Монголд “Үй цай” сургууль дээр нээгдэж байгаа юм. Багш нарыг нь авчраад, онолоос нь эхэлж зааж байна. Хүүхдүүд шууд интернэтэд холбогдоод тоглож байгаа. Танхим дахь тоглолтыг гадаа дэлгэцээр ээж, аав нь үзэх боломжтой болно. Шатар мэргэжлийн болон сонирхогчийн түвшинтэй нээлттэй спорт. Дижитал шатрын хөлөг, цаг авна гэдэг маш их хөрөнгө оруулалт шаарддаг юм байна” гэж ярилаа.

“Үй цай” бүрэн дунд сургуулийн 11 “А” ангийн сурагч Д.Бат-Оргил “Манай сургууль дээр Азийн шатрын онлайн сургалтын төв өнөөдөр нээгдлээ. Шатар хүний оюун санааг хөгжүүлнэ. Шатрын холбооны сургагч Жимми багш сар гаруй манай сургууль дээр хичээл заалаа. Энэ хугацаанд шатар тоглодоггүй хүүхдүүд нь шатар сурч, тоглодог хүүхдүүд нь илүү сайжирсан. Онлайнаар гадаад хүмүүстэй хэрхэн тоглохыг сурч байгаа. Яаж хамгийн хурдан хожихыг ч Жимми багш заасан” гэлээ.

Дэлхийн шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Жимми Кенмури ярихдаа “Би Монголд дөрөв дэх удаагаа ирж, хичээл зааж байгаа. Монголд ирэх дуртай. Ёс заншил, үндэсний хоол, найрсаг зочломтгой хүмүүс нь надад маш их таалагддаг. Онлайнаар заах хичээлийн сайн тал нь та дэлхийн хаана ч тоглож болно. Сул тал нь нөгөө тоглогчтойгоо амьд харилцаа үүсгэж чадахгүй. Олон оронд шатар зааж, 46 орноор аяласан. “Үй цай” сургуулийн 1-12 дугаар ангийн бүх сурагчид шатрын хичээл заасан. “Үй цай” сургуулийн сурагчид Дэлхийн шатрын холбооны гишүүн болсон. Тэд манай холбооноос зохиогддог тэмцээнүүдэд оролцох боломжтой” хэмээн ярилаа.


Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *