Хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах чиглэлээр иргэдэд ойлголт өгөх, хэрэглээний зөв дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдал болох байсан эд зүйлсийг хог хаягдал болгохгүйгээр амьдралын мөчлөгийг уртасгаж, дахин ашиглуулах зорилгоор “Өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриан дор “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг 2018 оны зургадугаар сарын 09-ний Бямба гаригт 11:00 цагаас 17:00 цагийн хооронд нийслэлийн 9 дүүрэгт зохион байгууллаа.
Өдөрлөгт нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргүүдийн дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид болон нийслэлийн иргэд гэртээ хэрэглэхгүй хадгалж байсан ном, сэтгүүл, гэр ахуйн цахилгаа бараа, эд зүйлс, сувинер, гоёл чимэглэл, хувцас гутал цүнх гэх мэт зүйлсийг авч ирэн хэрэгтэй хүмүүст нь хандивлаж, хямд үнээр худалдаалж, өөрт хэрэгтэй зүйлээр солилцож оролцлоо. Дүүргүүдийн урьдчилсан дүнгээр дүүргийн өдөрлөгт 10 мянга гаруй хүн оролцсон байна. Уг өдөрлөг нь олон улсад тогтмол зохион байгуулагдаж хэвшсэн байдаг бөгөөд Нийслэлд төдийгүй Монгол улсад өргөн хэмжээгээр анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.
Энэхүү өдөрлөгийг иргэд таашааж хүлээж авсан бөгөөд өөрт хэрэгтэй зүйлээ маш хямд үнээр олж авлаа, үнэгүй авлаа, солилцлоо гэх мэтээр сэтгэгдлээ хэлж байсан бөгөөд дахин энэ өдөрлөгийг хэзээ зохион байгуулах, цаашид тогтмол зохион байгуулж байх хүсэлтийг дүүрэг бүрийн зохион байгуулагч нарт хандан хэлж байлаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.