Categories
мэдээ нийгэм

Өгөөдэй болон Гүег хааны үеийн зоосыг дэлгэн харууллаа

“Олон улсын музейн өдөрт” зориулан Монголын үндэсний музей, Монголбанк хамтран үзэсгэлэн гаргалаа. Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдэл, Монгол хүн бүрийн нэрийн хуудас болсон “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл”-ийг дэлгэн гаргажээ.

Уг үзэсгэлэнд Монголбанкны Эрднэсийн сан, Монголын үндэсний музейн сан хөмрөг, Монголын зоос судлалын холбооны гишүүдийн цуглуулгаас дээжилжээ. Нээлтэд Монголбанкны төлөөлөгчдөөс гадна музейн удирдлагууд оролцов. “Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлийн дээжээ өргөн, ая дууны мэндчилгээгээр дэвшүүллээ. Ингээд тууз хайчлах ёслол үйлдэж, нээлт өндөрлөн музейн үзмэрүүдийг сонирхох хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагдав. Улаан хивс дэвссэн үзмэрийн танхимын үүдэнд гурван хийлч ая тоглон сонгодог орчныг бүрдүүлжээ.

Эртний хаадын үеэс эхлэн одоогийн мөнгөн тэмдэгт хүртэлх түүхийг өгүүлсэн үзмэрийг хананы дагуу шилэн хоргонд хийж байршуулсан нь нэн сонирхолтой. “Үзэсгэлэнгийн талаар Монголбанкны “Эрднэсийн сан”-гийн захирал П.Эрдэнэтуяа ярихдаа: “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эртнээс эдүгээ” сэдэвт үзэсгэлэн 14 хоногийн турш Монголын үндэсний музейд гарна. Үнэ төлбөргүй. Олон улсын музейн өдөр, Монголын банкуудын ажилтны өдрийг угтан гаргаж байна. Гол онцлог нь 1000 орчим цуглуулгыг хамруулсан. Монголчууд эртнээс ямар төлбөрийн хэрэгсэлтэй байсан, гол онцлогууд нь юу вэ гээд эртний хаадын зоосноос эхлээд тавигдсан. Дээр нь дурсгалын зооснууд байгаа. Энэ нь төлбөрийн хэрэгслээс гадна зоос цуглуулагч нарт зориулсан нэр бэлгэдэлтэй зооснууд юм. Олон улсын үзэсгэлэнд оролцоод шагнал авсан зооснууд бас бий. Мөн гурван төрлийн мөнгөн зоос, нэг кг-ийн алтан “Чингис хаан” зоосыг дэлгэн харуулсан. Маш ховор үзвэрүүд юм. Хүүхэд залуучууд ирээд үзвэл өмнө нь зоос, марк цуглуулдаг байсан бол орчин үед цаасан мөнгө, зоосон мөнгийг цуглуулах боломжтойг харуулахыг зорьсон. Манай сан хөмрөгийн цуглуулгууд болон 12 зоос цуглуулагчийн цуглуулга, Үндэсний музейн зарим үзмэрээс тавьсан. Ерөнхийдөө хамтарсан үзэсгэлэн болсон. Хамгийн эртний үзмэр нь Өгөөдэй хаан, Гүег хаан гээд ер нь эртний хаадын бүх зоос тавигдсан. Маш том шилэн хоргыг эзэлсэн байгаа. Хүмүүс маань өөрсдөө ирж сонирхвол илүү үзүүштэй, харууштай зүйл их байгааг дуулгая. Зоосон мөнгөн нь 1211 оноос хойшхи, цаасан мөнгө нь 1911 оноос хойшхи тэмдэгтүүдийг энд дэлгэсэн” гэв.

Эртнээс эдүгээг хүрсэн төлбөрийн хэрэгслийн түүхийг өгүүлсэн уг үзэсгэлэн 14 хоног эрхэм таны өмнө үнэ төлбөргүйгээр нээлттэй байх аж. Үзэсгэлэнд олон овог аймгийг нэгтгэн, туурга тусгаар улсаа байгуулсан Чингис хааны нэрийг мөнхөлсөн түүх бичгийн нандин сурвалж болох “агуу Чингис хаан” гэсэн бичээс бүхий Чингис хааны мөнгөлсөн зэс дирхамаас эхлээд Чингис хааны динар, Хархорум хотод дэлдсэн Өгөөдэй хааны алтан динар, Гүег хааны мөнгөн дирхам, Мөнх хааны мөнгөн зоос зэрэг Монголын эзэнт гүрний үе үеийн хаадын 300 гаруй зоос. Орон нутгийн чанартай үйлдэж байсан “Хүрээний их сангийн тэмдэг”, “Чин сүзэгт Номун” ханы хүрээний “Их сангийн тийз” хэмээх мөнгөн тэмдэгт, гүйлгээнд орохоор зэхэж байсан ч ороогүй Богд хаант Монгол улсын Бага болзоот мөнгөн тэмдэгт, Төв аймгийн Заамар сумаас олдсон 2.4 кг алт, 999.9 сорьц бүхий 100 гр жинтэй шижир алтан гулдмай зэрэг 900 гаруй үнэт өвийг дээжлэн тус үзэсгэлэнд багтаажээ.

С.ОТГОНБАЯР

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *